Тав хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн талаарх мэдлэг, хөтлөлт, нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа
Түлхүүр үг:
Ягаан дэвтэр, Хүүхдийн өсөлт хөгжил, Мэдлэг, Нөлөөлөх хүчин зүйлсХураангуй
Үндэслэл: Тав хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр нь жирэмсний хяналтаас хүүхдийн 5 нас хүртэлх үеийн эрүүл мэнд, дархлаажуулалт, хөгжлийн үе шатыг бүртгэдэг урт хугацааны эрүүл мэндийг хянах хэрэгсэл юм. Эцэг эх болон эрүүл мэндийн ажилтан дэвтрийг хамтран хөтөлснөөр эцэг эхийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхээс гадна хүүхдийг болзошгүй хөгжлийн хоцрогдол, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх боломжтой. Олон улсад ТХНХЭМД-ийг ашиглан эрсдэлтэй жирэмслэлтийг илрүүлэх, жирэмсний хяналтын тоог сайжруулах, эхийн эндэгдэл, нялхсын болон тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах, хөхөөр хооллолтыг дэмжих, эцэг эх, асран хамгаалагчдын мэдлэгийг сайжруулахад ашиглаж байгаа хэдий ч манай оронд Тав хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрийн хөтлөлтийн талаар хийгдсэн судалгааны ажил хангалтгүй байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Эцэг эх, асран хамгаалагчдын “Тав хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-ийн мэдлэг ойлголт, дэвтрийн хөтлөлтийг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар санамсаргүй түүврийн аргаар Улаанбаатар хотын 4 дүүргийн 1-4 насны хүүхэдтэй, нийт 373 эцэг эхчүүд, асран хамгаалагчдыг судалгаанд хамруулав. Мэдлэгийг үнэлэхдээ зөв хариултыг оноожуулан, бүлэглэн үнэлсэн. Хөтлөлтийг үнэлэхдээ эцэг эхчүүдийн бөглөх хэсгийг хөтөлсөн эсэхээр оноожуулан үнэлэв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 33.5±6.5 жил байв. Дэвтрийг бүрэн уншиж, хөтлөлт хийсэн байдал нь (p=0.0001) мэдлэгийг сайжруулахад (p=0.0001) статистик ач холбогдолтой байв. Дэвтрийн хөтлөлтөд нөлөөлөх хүчин зүйлсийг судлахад жирэмсний нас (OR=0.956, 95% CI [0.923, 0.990]), төрөлтийн тоо (OR=1.206, 95% CI [1.002, 1.452]) зэрэг статистик ач холбогдолтой байв. Дэвтрийн талаарх мэдлэгт нөлөөлөх хүчин зүйлсээс жирэмсний нас (OR=0.954, 95% CI [0.918, 0.992]) нөлөөлж байв. Дүгнэлт: Тав хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн талаарх мэдлэгт эхийн жирэмсэн үеийн нас (p=0.017) нь нөлөөлөх хүчин зүйлс болж байв. Дэвтрийн хөтлөлтөд жирэмсний нас (p=0.011), төрөлтийн тоо (p=0.048), дэвтрийг бүрэн уншсан эсэх (p=0.008) нь нөлөөлөх хүчин зүйлст тус тус тооцогдов.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Мягмарцэрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
