Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудын ажил, амьдралын тэнцвэр ба ажлаас гарах бодол
Түлхүүр үг:
Амьдралын чанар, Ажлын бүтээмж, Сэтгэл ханамж, Тэнцвэрт байдалХураангуй
Үндэслэл: Сүүлийн жилүүдэд дэлхийн хөгжиж буй олон оронд эрүүл мэндийн ажилтнуудын ажил амьдралын тэнцвэр нь тулгамдсан асуудал болоод байна. Ажил амьдралын тэнцвэргүй байдал нь ажилтанд сэтгэл санааны дарамт, эрүүл мэндийн асуудал, өөртөө итгэх итгэлгүй болгох, ажилдаа сэтгэл ханамжгүй байх, анхаарлаа төвлөрүүлж чадахгүйгээс ажлын бүтээмж буурч, эмчилгээ, үйлчилгээний чанар буурах, алдаа гаргах эрсдэл нэмэгддэг төдийгүй ажлаасаа халшрах, бие болон сэтгэл зүйн хувьд туйлдах, ажлаа орхих шалтгаан болж байна. Зорилго: Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудын ажил амьдралын тэнцвэр ба ажлаас гарах бодлыг судлах Арга, аргачлал: Судалгааг агшингийн загвар, тоон судалгааны асуумжийн аргаар судаллаа. ӨЭМТ-ийн ажилтнуудын ажил амьдралын тэнцвэрт байдлыг судлаач Хаяманы (2005) ажил-амьдралын тэнцвэрийг үнэлэх стандарт асуумж, ажлаасаа гарах тухай бодлыг судлаач Ауэрбах (2014) нарын боловсруулсан стандарт асуумжуудыг ашиглан гүйцэтгэв. Судалгаанд Улаанбаатар хотын дүүргийн 22 өрхийн эрүүл мэндийн төвийн 123 ажилтныг хамруулав. Үр дүн: Судалгааанд оролцогчдын 95.1% нь эмэгтэй, дундаж нас нь 35.2±9.5 жил, тэдний 55.3% нь эмч, 29.3% нь сувилагч, 9.8% нь эрүүл мэндийн нийгмийн ажилтан, 5.7% нь эмнэлгийн бусад ажилтан байв. ӨЭМТ-ийн ажилтнуудын орлого нь хүрэлцээгүй, 8.9% нь амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой, өрхийн наад захын хэрэгцээгээ хангах чадамж маш сул байв. Судалгаанд оролцогчдын ажил нь хувийн амьдралд сөргөөр нөлөөлдөг байдал (WIPL-23.5), хувийн амьдрал нь ажилд сөргөөр нөлөөлөх байдал (PLIW-15) тус тус өндөр байна. Ажил-амьдрал нэг нэгэндээ эергээр нөлөөлөх байдал (WPLE-10.7) бага байгаа нь тэдний ажил амьдралын тэнцвэрт байдал алдагдсаныг илтгэж байна. Ажил амьдралын тэнцвэр алдагдахад илүү цагаар ажилладаг байдал (p=0.038) нь стастистик ач холбогдолтой байв. Нас, тухайн байгууллагадаа ажилласан жил нэмэгдэхэд ажил нь хувийн амьдралд, хувийн амьдрал нь ажилд сөргөөр нөлөөлөх байдал нь буурч байна. Дүгнэлт: ӨЭМТ-ийн ажилтнуудын ажил амьдралын тэнцвэрт байдал алдагдсан, ӨЭМТ-ийн ажилтнуудын 65 хувь нь одоо ажиллаж буй байгууллагаасаа, 41 хувь нь эрүүл мэндийн салбараа орхих бодолтой байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Г.Надмидцэрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
