Хепатитийн С вирусийн архаг халдварын үед илрэх сийвэнгийн криоглобулинеми ба эмнэлзүйн хамаарлын судалгаа
Түлхүүр үг:
Хепатит С вирус, Элэгний бус шинж, КриоглобулинемиХураангуй
Үндэслэл: ХСВ-ийн халдварын үед эмнэлзүйд элэгний болон элэгний бус шинжүүд илэрдэг хамгийн түгээмэл илэрдэг шинж тэмдэгт холимог криоглобулинеми ордог ба энэ нь цусанд агуулагддаг тодорхой уургууд 370С-ээс доош хэмд (in vitro) тунадасжиж, бүлэгнэн жижиг болон дунд судаснуудын хананд хуримтлагдаж васкулитийг үүсгэснээр эмнэлзүйд үе мөч өвдөх, ядарч сульдах, хөлийн шилбээр тууралт гарах гэсэн гурвал шинж тэмдгээр илэрдэг. ХСВ-ийн халдвартай хүмүүст криоглобулинеми түгээмэл тодорхойлогддог бөгөөд тархалт 10-70%-ийн хооронд байна. Криоглобулинемийн илэрсэн үед үүссэн васкулит нь арьс, бөөр, захын мэдрэлийн жижиг судсуудад голчлон нөлөөлж бусад эрхтэн тогтолцоонд хүндрэлийг үүсгэдэг байна. Манай орны хувьд эдгээр өвчтөнүүдэд элэгний шинж тэмдгүүдэд чиглэсэн үзлэг, оношилгоо хийдэг бөгөөд тухайн өвчтөнүүдийн элэгний бус шинж тэмдгүүдэд чиглэсэн, ялангуяа криоглобулинемийн талаар хийсэн судалгаа, мэдээлэл нэн ховор байгаа юм. Тиймээс бид ХСВийн архаг халдварын үеийн криоглобулинемийн эмнэлзүй судалгааг хийх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: ХСВ-ийн халдвартай хүмүүст криоглобулинемийн тархалтыг тодохойлж, элэгний фиброзын үе шаттай уялдуулан судалж, эмнэлзүйн хамаарлыг тогтоох. Арга, аргачлал: судалгаанд оролцогчдыг хамруулах болон хасах шалгуурын дагуу дагуу ХСВ-ийн архаг халдвартай 200 хүнийг хамруулсан. Оролцогч тус бүрээс таниулсан зөвшөөрлийн хуудсаар зөвшөөрөл авсны дараа асуумжийн хуудсаар мэдээлэл авч, бие махбодийн хэмжилт хийж захын цусны сорьц цуглуулав. цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ (элэг, бөөрний үйл ажиллагаа) хийсэн. Элэгний фиброзын зэргийг инвазив бус (APRI, FIB-4) аргаар үнэлсэн. Түүдгэнцрийн шүүлтийн хурдыг MDRD GFR Equation цахим аргаар тооцлоо. Арьсны үзлэг хийж криоглобулинемийн хөлийн шилбэ, шагай хэсгийн тууралт, шарх шархлаа, сорвижилтын байдлыг үнэлсэн. Криоглобулинемиг тодорхойлохдоо үл бүлэгнүүлэгч агуулаагүй хуруу шилэнд 8 мл цус авч, авсан дээжийг бүлэгнэж дуустал 1 цаг хөдөлгөөнгүй, тасалгааны хэмд байлгасан. Дээжийг центрифугт эргүүлж, ийлдсийг ялгасны дараа +4С хэмийн хөргөгчид 7 хоногийн турш хадгалж, улмаар тасалгааны температурт 30 минут байлгасны дараа тунадас арилсан байдлыг илрүүлсэн. Үр дүн: Судалгаанд нийт 200 хүн хамрагдсан ба үүнээс эрэгтэй 71 (35.5%), дундаж нас 53.38±13.09 нэгж оруулах жил байв байв. Криоглобулинемийн уургийн тунадсыг нийт 148 хүнд тодорхойлсон ба үүнээс эрэгтэй 50 (33.8%), дундаж нас 52.95±13.0 жил байв. Криоглобулинемийн уургийн тунадас 89 хүнд буюу судалгаанд оролцогчдын 60.1% илэрсэн. Нийт судалгаанд оролцогчдоос элэгний архаг үрэвсэлтэй (ЭАҮ) 176 (88.0%) байв. Үүнээс криоглобулинеми илэрсэн ЭАҮ-тэй нийт 57 хүн байсан. Лаборториийн шинжилгээний үзүүлэлтүүдийг харьцуулахад криоглобулинемитэй бүлэгт элэгний үйл ажиллагаанаас ГГТ-ийн дундаж түвшин криоглобулинеми илэрсэн бүлэгт илрээгүй бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий их тодорхойлогдлоо (p=0.039). Харин лаборториийн шинжилгээний үзүүлэлтүүдийг ихэссэх багассан байдлаар бүлэглэн үзэхэд АсАТ болон АлАТ түвшин нь Криоглобулинеми илэрсэн ЭАҮ-тэй бүлэгт мэдэгдэхүйц өндөр байсан нь элэгний эсийн гэмтэл илүү байгааг илтгэнэ (p<0.000). Креатининий хэмжээ нэмэгдсэн нь бөөрний үйл ажиллагааны алдагдлын эрсдэлтэй холбоотой байж болзошгүй. FIB-4 индекс болон APRI индекс нь фиброзын илүү хүнд шатлал Криоглобулинеми илэрсэн бүлэгт түгээмэл байгааг харуулж байна (p<0.005; p<0.000). Нэг хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр криоглобулинеми илрэхэд нас (OR = 2.48; 95% CI:1.31–4.70; p=0.005) хамааралтай байгаа нь тодоорхойлогдлоо. Тромбоцитын хэмжээ нэг олон хүчин зүйлийн шинжилгээнд статистикийн ач холбогдолтой эерэг нөлөө үзүүлсэн байв (OR=14.38; 95% CI: 1.26–163.89; p=0.032). Дүгнэлт: ХСВ-ийн халдвартай өвчтөнүүдийн дунд криоглобулинемийн тархалт 60.1%, халдвартай хүмүүсийн дунд нас ахих болон тромбоцитийн хэмжээ багасах нь криоглобулинемийн тунадас үүсэхтэй хамааралтай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
