Улаанбаатар хотын сууцны доторх орчинд РМ1, PM10 тоосонцорын агууламжийг шууд хэмжилтийн багажаар судалсан дүн
Түлхүүр үг:
Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Орчны эрүүл мэндийн тэнхим АШУҮИС, Эпидемиологи Биостатистикийн тэнхим АШУҮИСХураангуй
Үндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээллээс үзэхэд дэлхийн нийт хүн ам буюу 99 хувь нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс хэтэрсэн агаараар амьсгалж, бага болон дунд орлоготой улсын хүн ам хамгийн ихээр өртөж байна. Дотоод орчинд агаар бохирдох үндсэн шалтгаануудад гал түлэх, хоол хийх, цэвэрлэгээ, тамхи татах гэх мэт хүний үйл ажиллагаа, сууцны хана, шал, тааз, тавилга зэрэг сууцны шинж чанар, агааржуулалт, гадна орчны агаарын бохирдол ордог. Зорилго: Улаанбаатар хотын нийт 120 өрхийг түүвэрлэн сууцны доторх орчинд PM1, PM10 тоосонцорын агууламжийг хэмжиж үнэлэх. Арга, аргачлал: Бид сууцны доторх орчны агаар дахь PM1, PM10 тоосонцорын агууламжийг “PurpleAir” шууд хэмжилтийн багажийг 2023 оны 10-р сараас 2024 оны 01-р сар хүртэлх хугацаанд суурилуулж, PM1, PM10 тоосонцорын агууламжид нөлөөлөх зарим хүчин зүйлсийн талаарх мэдээллийг асуумжийн аргаар цуглуулсан. Нэг удаагийн хэмжилт 10 минутын турш үргэлжилсэн ба нийт 51,309 удаа хэмжилт хийсэн. Үр дүн: PM1 тоосонцорын агууламж гэрт 55.5±53.2 мкг/м3, байшинд 54.9±46.7 мкг/м3, орон сууцанд 31.6±40.1 мкг/м3 тус тус тодорхойлогдлоо (р<0.001). Мөн PM10 тоосонцорын агууламж гэрт 110.6±108.6 мкг/м3, байшинд 110.6±96.7 мкг/м3, орон сууцанд 62.2±83.0 мкг/м3 тус тус тодорхойлогдлоо (р<0.001). Тоосонцорын агууламжийг халаалтын төрлөөр авч үзэхэд зуух болон пийшинтэй өрхөд PM1 тоосонцорын агууламж 55.3±50.1 мкг/м3, PM10 тоосонцорын агууламж 110.6±103.0 мкг/м3 хэмжигдсэн бол төвлөрсөн халаалттай өрхөд PM1 тоосонцорын агууламж 31.6±40.1 мкг/м3, PM10 тоосонцорын агууламж 62.2±83.0 мкг/м3 (р<0.001). Хэмжилт хийсэн саруудыг авч үзэхэд РМ1 ба РМ10 тоосонцорын агууламж 2024 оны 1-р сард хамгийн өндөр буюу 64.8±55.1 мкг/м3 ба 131.4±116.0 мкг/м3 тус тус байлаа. Дүгнэлт: 1. Улаанбаатар хотын сууцны дотоод орчинд PM10 тоосонцорын агууламж MNS4585:2016 Агаарын чанарын стандарт хэмжээнд байсан хэдий ч ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс хэтэрсэн байгаа нь хүн амын дунд өвчлөл, нас баралтыг нэмэгдүүлэх эрсдэлийг илтгэж байна. 2. Улаанбаатар хотын сууцны дотоод орчинд PM1, PM10 тоосонцорын агууламж байршил, сууцны төрөл, халаалтын төрөл, хэмжилт хийсэн сараар ялгаатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Өлзиймаа, Х.Сэр-Од, С.Мягмарчулуун, Б.Дамдиндорж, Н.Хүрэлбаатар, Д.Даваалхам
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
