Атопийн арьсны үрэвсэлтэй 2-16 насны хүүхдүүдэд рашаан шүршлэг хэрэглэсэн үр дүн

Зохиогчид

  • Б.Минжинсувд АШУҮИС, АУС, Арьс Судлалын Тэнхим Зохиогч
  • Я.Энхтөр АШУҮИС, АУС, Арьс Судлалын Тэнхим Зохиогч
  • Ө.Дугармаа АШУҮИС, АУС, Арьс Судлалын Тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

SCORAD, VAS, SCH, TEWL, Шаргалжуут шүршлэг

Хураангуй

Үндэслэл: Атопийн арьсны үрэвсэл (ААҮ) нь бага насны хүүхдэд түгээмэл тохиолддог архаг, дахилтат явцтай арьсны үрэвсэлт өвчин бөгөөд эмнэлзүйд загатнаа болон арьсны тууралтаар илэрдэг. Атопийн арьсны үрэвсэл нь дэлхийн нийт бага насны хүүхдүүдийн 5-30%, насанд хүрэгчдийн 1-10%-ийг эзэлдэг гэх тархвар зүйн судалгаа байдаг. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар арьсны архаг эмгэгийг эмчлэхэд рашаан усыг ашигласаар байна. Манай улсад арьсны зарим эмгэгийн үед ялангуяа атопийн арьсны үрэвслийн үед шаргалжуут рашаан шүршлэгийг хэрэглэсэн судалгаа олдохгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Атопийн арьсны үрэвсэлтэй хүүхдүүдэд шаргалжуут шүршлэг хэрэглэн хүндийн зэрэг, загатнааны эрчим, арьсны зарим физиологийн үзүүлэлтүүдийг үнэлэх. Арга, аргачлал: Бид судалгааг плацебо хяналтат бүлэгтэй, эмнэлзүйн туршилт судалгааны загвараар ААҮ-тэй 2-16 насны хүүхдүүдийг судалгаанд хамруулан шаргалжуут рашаан шүршлэг хэрэглүүлэн эмчилгээний өмнөх болон дараах хүндийн зэрэг (SCORAD), загатнааны эрчим (VAS), арьсны чийгшил (SCH), өнгөн хөрсний чийг алдалтыг (TEWL) үнэлэв. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын нийт тохиолдлоос 81.7% (49) нь SCORAD үнэлгээ хөнгөн, 18.3% (11) нь дунд зэрэгтэй байсан бол VAS үнэлгээгээр нийт тохиолдлын 40% (24) нь бага зэргийн загатнаатай байгаа нь тодорхойлогдлоо. Судалгаанд хамрагдагсдын 96.7% (58) нь арьсны чийгшил хэт хуурай байсан бол өнгөн хөрсний чийг алдалт 76.7% (46) нь сайн байгаа нь тодорхойлогдов. Бүлэг хоорондын хүндийн зэрэг, загатнааны эрчим, арьсны физиологийн зарим үзүүлэлтүүд 30 дахь хоногт статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p=0.001, p=0.002). Туршилтын бүлэгт хамрагдагсдын судалгааны эхний хоног, 15, 30 дахь хоногийн хүндийн зэрэг (p=0.001), загатнааны эрчим (p=0.002), арьсны чийгшил (p=0.002), өнгөн хөрсний чийг алдалт (p=0.001) хооронд мөн адил статистик ач холбогдолтой ялгаа ажиглагдав. Туршилтын бүлэгт хамрагдагсдын өнгөн хөрсний чийг алдалтын хэмжээг арьсны чийгшлийн хэмжээтэй харьцуулахад шугаман хамааралтай (r=0.566, p=0.0001) байлаа. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан ААҮ-тэй нийт хүүхдүүдийн 81.7% (49) нь хүндийн зэргийн SCORAD үнэлгээ хөнгөн, загатнааны эрчмийн VAS үнэлгээ 40% (24) нь бага зэргийн загатнаатай байсан бол 96.7% (58) нь арьсны чийгшил хэт хуурай, өнгөн хөрсний чийг алдалт 76.7% (46) нь сайн байгаа нь тус тус тодорхойлогдлоо. 2. Туршилтын бүлэгт хамрагдсан хүүхдүүдийн шаргалжуут шүршлэх хэрэглэхийн өмнөх хүндийн зэрэг, загатнааны эрчим, арьсны чийгшил, өнгөн хөрсний чийг алдалтын хэмжээг шаргалжуут шүршлэг хэрэглэсний дараах хоногуудтай харьцуулахад арьсны чийгшлийн хэмжээ нэмэгдэн, өнгөн хөрсний чийг алдалт буурснаар хүндийн зэрэг болон загатнааны эрчим багасаж байгаа нь тогтоогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Минжинсувд, Ө.Дугармаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-05-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл