Чихрийн шижин хэв шинж-1-ээр анх оношлогдох үеийн кетоацидоз ба лабораторийн зарим өөрчлөлтийг судалсан нь
Түлхүүр үг:
Чихрийн шижин хэв шинж-1, Хүүхэд нас, Цусан дахь сахарХураангуй
Үндэслэл: Чихрийн шижин хэв шинж-1 (ЧШХШ-1) анх оношлогдох үедээ эрт үеийн хүндрэл болох кетоацидозоор илрэх нь түгээмэл ба энэхүү хүндрэлийг хүүхэд насны хүн амд судлах нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Анх оношлогдсон Чихрийн шижин хэв шинж-1 (ЧШХШ-1)-ийн кетоацидозын тохиолдлын тоо, эмнэлзүйн илрэл ба бие бялдарын үзүүлэлтийг харьцуулан судлаж, лабораторийн зарим шинжилгээнд үндэслэн хүндийн зэргийг тогтоох. Арга, аргачлал: Судалгааг ЭХЭМҮТ-ийн БДШЭС-ын тасагт 2017-2022 оны хугацаанд ЧШХШ-1 анх оношлогдсон хүүхдийн дунд ретроспектив аргаар өвчний түүхээс тусгайлан боловсруулсан асуумжийн дагуу мэдээллийг бүртгэж, эмнэлзүйн зарим шинж, кетоацидозын (КА) зэргийг ISPADийн 2022 оны удирдамжийн дагуу ангилж, судлав. Судалгааны ажлын үр дүнг STATA-16.0 программ ашиглан боловсруулалт хийв. Үр дүн: Судалгаанд 2017-2022 оны хугацаанд ЧШХШ-1 анх оношлогдсон 18 хүртэлх насны (дундаж 9.11±3.84) 124 хүүхэд хамруулсан ба 67.7% (n=84)-д нь кетоацидоз илэрч байв. Үүнээс 57.2% (n=48) нь хүнд, 17.8% (n=15) нь дунд, 25.0% (n=21) нь хөнгөн зэргээр илэрсэн ба охид (67.1%, n=47, p=0.871) кетоацидозод илүү өртөж байлаа. ЧШХШ1 анх оношлогдохоос өмнө вирусийн халдвараар өвдсөн (51.2%, n=43, p=0.011), оношлогдох үед цусан дахь глюкозын хэмжээ өндөр (25.8±9.32 ммоль/л, p=0.012) байсан нь кетоацидоз илрэхтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байв. Кетоацидоз илэрсэн бүлгийн хүүхдийн цусны хийн шинжилгээнд pH 7.05±0.15, бикарбонатын хэмжээ (HCO3) 8.68±4.27 мэкв/л байв. Кетоацидоз хүнд зэргээр илэрсэн бүлгийг хөнгөн зэргээр илэрсэн бүлэгтэй харьцуулахад цусан дахь калийн хэмжээ (4.08±0.80 мэкв/л, 3.6±0.56 мэкв/л, p=0.049) их, цусан дахь глюкозын хэмжээ (28.37±9.23 ммоль/л, 21.96±9.18 ммоль/л, p=0.012) их байв. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 67.7% (n=84)-д кетоацидоз илэрч байлаа. 2. ЧШХШ-1 анх оношлогдох үеийн кетоацидозын эмнэлзүйд бөөлжих, ядрах шинж тэмдгүүд давамгай илэрч байгаа нь тодорхойлогдлоо. 3. Судалгаанд нийт хамрагдагсдын 57.1% (n=48)-д КА-ын хүнд зэрэг тодорхойлогдож байгаа нь лабораторийн шинжилгээнд кали ба глюкозын хэмжээг нэмэгдүүлж кетоацидозыг хүнд зэргээр илрэхэд нөлөөлж байгаа нь ажиглагдлаа.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
