“Шүдний эмнэлгээр үйлчлүүлэгчийн аюулгүй байдал”-ын талаарх шүдний их эмч нарын мэдлэг, хандлага, дадлыг судалсан дүн

Зохиогчид

  • Х.Ариунчимэг АШУҮИС, НАСС, Нүүр Амны Эрүүл ахуйн тэнхим , АШУҮИС, Их Сургуулийн Эмнэлгийн Хөгжлийн Газар Зохиогч
  • Д.Цэрэндагва АШУҮИС, Их Сургуулийн Эмнэлгийн Хөгжлийн Газар Зохиогч
  • Ж.Дэлгэрцэцэг АШУҮИС, НАСС, Нүүр Амны Эрүүл ахуйн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Алдаа, Эрүүл мэндийн тогтолцоо, Хувийн хандлага, Ажлын байр

Хураангуй

Үндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын тодорхойлсноор “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” гэдэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцад үйлчлүүлэгчид тохиолдох эрсдэл, алдаа, хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, зайлсхийх, бууруулах асуудлыг багтаасан цогц ойлголт юм. Манай улсад үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх мэдлэг, дадал, хандлагын талаар хийсэн судалгааны ажил харьцангуй хомс байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Шүдний их эмч нарын “Шүдний эмнэлгээр үйлчлүүлэгчийн аюулгүй байдал”-ын талаарх мэдлэг, хандлага, дадлыг судлах. Арга, аргачлал: Бид судалгааг АШУҮИС-ийн НАСС болон НАСТЭ-ийг түшиглэн АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2024/3-06-05 тоот зөвшөөрлийн хүрээнд 200 шүдний их эмчийг хамруулан гүйцэтгэлээ. ДЭМБ-ын 2009 оны “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал”-ын талаарх удирдамжид тусгасан 5 бүлэг асуумжийг ашиглан асуумж судалгааг явуулсан ба асуумжийн үндсэн мэдээллийн хэсэгт 6, “Алдаа ба үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” бүлэгт 7, “Эрүүл мэндийн тогтолцооны аюулгүй байдал” бүлэгт 6, “Аюулгүй байдалд үзүүлэх хувь хүний нөлөө” бүлэгт 7, “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд хандах хувийн хандлага” бүлэгт 4, “Ажлын байрны аюулгүй байдал” бүлэгт 9, нийт 33 хаалттай асуулт байв. Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS-27.0 программ хангамжийг ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд 23-44 насны 200 шүдний их эмч хамрагдсан ба 80% (160) нь эмэгтэй, 76.9% нь хувийн эмнэлэгт ажилладаг байна. Тухайн мэргэжлээр ажилласан хугацааны дундаж 1.8±0.6 сар байсан бол Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх сургалтад 53.8% нь хамрагдаагүй гэж хариулжээ. “Шүдний эмнэлгээр үйлчлүүлэгчийн аюулгүй байдал”-ын талаарх шүдний эмч нарын мэдлэгийн оноо 3.32±2.1, хандлагын оноо 3.36±1.1, дадлын дундаж оноо 3.31±1.5 тус тус байлаа. Мэдлэгийн оноо нь эмчийн нас (p<0.01) болон ажилласан жил (p<0.01)-ийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Дүгнэлт: “Шүдний эмнэлгээр үйлчлүүлэгчийн аюулгүй байдал”-ын талаарх шүдний эмч нарын мэдлэг хангалтгүй байгаа нь тодорхойлогдлоо. Шүдний эмч нарын мэдлэг хангалттай байх нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг ханган тусламж үйлчилгээ үзүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Цэрэндагва

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-12-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл