Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцины талаарх эцэг эх, асран хамгаалагчдын хандлагыг судалсан дүн
Түлхүүр үг:
Товлолт дархлаажуулалт, Умайн хүзүүний хавдар, Вакцины эргэлзээХураангуй
Үндэслэл: Монгол улсад стандартчилсан үзүүлэлтээр умайн хүзүүний хорт хавдар нь 100,000 эмэгтэй тутамд 20.2 тохиолдол, 9.6 нас баралт байгаа нь дэлхийн болон бүсийн түвшинтэй харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Умайн хүзүүний хорт хавдрын гол үүсгэгч нь хүний папиллома вирус (ХПВ)-ийн халдвар бөгөөд халдвараас сэргийлэх арга нь ХПВ-ийн дархлаажуулалт юм. Монгол улсын Дархлаажуулалтын тухай хуульд 2023 онд нэмэлт өөрчлөлт орж, хүний папиллома вирус (ХПВ)-ийн халдварын эсрэг вакциныг 11 настай хүүхдэд заавал хийх үндэсний товлолт вакцинд орсон. ХПВ-ийн халдвар болон ХПВ-ийн халдварын эсрэг вакцины талаарх хандлага нь вакцин хийлгэх шийдвэрт чухал нөлөөтэй байдаг. Иймд шинээр нэвтрүүлж буй вакцины талаарх эцэг эх, асран хамгаалагчдын хандлага, вакцин хийлгэх шийдвэрийн талаар судлах хэрэгцээ байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцины талаарх эцэг эх, асран хамгаалагчдын хандлагыг судлах. Арга, аргачлал: Агшингийн судалгааны загвараар, тоон аргаар мэдээллийг цуглуулж, үр дүнг SPSS-25.0 программд боловсруулсан. Судалгаанд Монгол улсын бүсийн төлөөлөл 4 аймаг, 8 сум, УБ хотын 3 дүүргээс нийт 3057 эцэг эх, асран хамгаалагч хамрагдсан. ХПВ-ийн халдварын эсрэг вакцины талаарх хандлагыг тодорхойлохдоо вакцины ач холбогдол, үр нөлөөг үнэлж, санал нийлж буй байдал, вакцин хийлгэх сэдлээр тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд нийт 3057 эцэг эх, асран хамгаалагч оролцсоноос хөдөө орон нутгийн иргэд 47.92 хувь, Улаанбаатар хотын иргэд 52.08 хувийг эзэлж байна. Судалгаанд оролцогчдын ихэнх (62.43) хувийг 9-11 насны хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид эзэлж байна. Судалгаанд оролцогчдын 19.85 хувь нь хүүхдээ ХПВ-ийн халдвар авах эрсдэлтэй гэж үзэж, ХПВ-ийн халдварын эсрэг вакцин нь ХПВ-ийн халдвартай холбоотой хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй гэж 37.58 хувь нь үзсэн байна. Эцэг эх, асран хамгаалагчдын 13 хувь нь хүүхдэдээ ХПВ-ийн халдварын эсрэг вакцин хийлгэнэ гэж хариулсан бөгөөд 10 хүн тутмын 8 нь эргэлзэж байна гэжээ. ХПВ-ийн халдварын эсрэг вакцин хийлгэхгүй байх шалтгааныг тодруулахад вакцин хийлгэсний дараа ямар нэг гаж нөлөө гарахаас санаа зовж байна, вакцины чанар болон алсын үр дагаварт санаа зовж, эргэлзэж байна гэсэн хариулт зонхилсон байна. ХПВ-ийн халдварын эсрэг вакцин хийлгэх шийдвэр гаргахад вакцины талаарх нотолгоонд суурилсан мэдээлэл (48.9 хувь) болон эрүүл мэндийн ажилтны зөвлөгөө, мэдээлэл (40.63 хувь) чухал гэж эцэг эх, асран хамгаалагчид үзэж байна. ХПВ-ийн халдварын эсрэг вакцины талаарх хандлага хүйсийн хувьд ялгаагүй бол байршил, насны хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. Дүгнэлт: ХПВ-ийн халдварын эсрэг вакцинаас татгалзах болон эргэлзэхэд нөлөөлж буй асуудлыг шийдвэрлэхэд вакцины аюулгүй байдал, гаж нөлөө, үр дүнтэй байдлын талаарх нотолгоонд суурилсан мэдээллийг эцэг, эх асран хамгаалагчид өгөх, үүнд эрүүл мэндийн мэргэжилтнүүд хамгийн чухал, найдвартай эх сурвалж болохыг тодорхойллоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Х.Нансалмаа, Д.Даваалхам
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
