Үр шилжүүлэн суулгах эмчилгээний үеийн in vitro орчин дах үр хөврөлийн чанар болон пролактин дааврын ихсэлт хоорондын хамаарлыг үнэлсэн нь
Түлхүүр үг:
Пролактин, Үр хөврөл, Үр тогтолт, Үр хөврөл шилжүүлэн суулгахХураангуй
Үндэслэл: Пролактин даавар нь эрүүл эмэгтэйд хөхүүл үед ялгарах ба хөхний булчирхайн пролифераци, ялгаран хөгжлийг дэмжих байдлаар физиологийн үйл ажиллагаанд оролцдог. Гиперпролактинемийн эмнэл зүйн илрэл нь хүйсийн онцлог шинж чанартай байдаг ба эмэгтэйчүүдэд үргүйдэл, сарын тэмдгийн мөчлөгийн алдагдал, олигоменорея, гипоменорея, гиперменорея, полименорея байдлаар илэрдэг. Гиперпролактинеми нь өндгөн эсийн боловсролт, эрт үеийн шар биеийн үүсэлт, бластоцист умайн хананд бэхлэгдэх үйл явц ба үр хөврөл, эндометрийн синхрончлолыг алдагдуулж үргүйдэлд хүргэдэг болохыг судлаачид тогтоосон байна. Эдгээр эмгэг үйл явц нь пролактин дааврын хэмжээ ихсэхэд KISS-1 нейрон дахь кисспептиний нийлэгжилт буурч, сөрөг эргэх холбоогоор гонадолибериний шүүрлийг саатуулж, гонадотропиний (ЛД, ФИД) ялгаралтыг бууруулсантай холбоотой гэж судлаачид тогтоосон байна. Гиперпролактинеми илэрсэн үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд өндгөн эс, үр хөврөлийн чанарын үзүүлэлтүүд буурч, имплантацийн зуршмал дутмагшил илэрдэг бөгөөд эдгээрийг in vitro орчин дахь судалгааны ажил хараахан олдохгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн пролактин дааврын түвшин болон in vitro орчин дахь үр хөврөлийн хөгжлийг харьцуулан судалж, үр шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнг үнэлэх. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд 2019-2023 оны хооронд RMC үр шилжүүлэн суулгах төвд үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн 25-35 насны эмэгтэйчүүдийг хамруулан, тохиолдол-хяналтын загварыг үүсгэж, тохиолдлын бүлэгт гиперпролактинемитэй 30 оролцогчийг, хяналтын бүлэгт үрийн сувгийн шалтгаантай үргүйдэлтэй бүлгээс (N97.1) насны бүлгээр ижилсүүлэн санамсаргүй байдлаар түүвэрлэн 78 оролцогчийг сонгон хамрууллаа. Үр дүн: Үр хөврөлийг умайд суулгасны дараа имплантаци болсон эсэхийг тооцоход (bHCG>0.5 ОУН/мл) тохиолдлын бүлгийн 63.8% (n=30), хяналтын бүлгийн 76.0% (n=92) нь умайн хананд амжилттай бэхлэгдсэн бөгөөд гиперпролактинеми нь жирэмслэлтийн амжилтын хувийг 1.80 дахин бууруулдаг (OR=1.80, p<0.05) болох нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн ийлдсийн пролактин дааврын ихсэлт нь үр шилжүүлэн суулгах ажилбарын үе дэх үр хөврөлийн хуваагдал муу байх, үр хөврөл умайн хананд бэхлэгдэхгүй байх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
