Тамхинаас гаргах эмийн ба эмийн бус бүтээгдэхүүний үнэ ба зардлын судалгаа
Түлхүүр үг:
Тамхи, Тамхинаас гаргах бүтээгдэхүүн, Эмийн сан, Табекс, Эмийн эмчилгээХураангуй
Үндэслэл: Тамхи дэлхий дахинд жил бүр 8 сая хүний үхлийн шалтгаан болдог. Манай улсад тамхинаас шалтгаалж жилд 4000 гаруй нас барж, хүн амын дунд тамхи таталтын хэмжээ 27 хувьтай байна. Үүнээс улбаалан тамхинаас гаргах бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт хэрэгцээ, хүртээмжийг судлах шаардлагатай байна. Зорилго: Тамхинаас гаргах бүтээгдэхүүний төрөл, борлуулалтын үнийг судлах замаар тамхинаас гарах хүсэлтэй нэг хүнд ноогдох эмийн зардлыг тооцох. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 41 эмийн сангуудад борлуулагдаж байгаа тамхинаас гаргах зориулалт бүхий бүтээгдэхүүний төрөл, үнийн судалгааг асуумж судалгааны аргаар цуглуулав. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 41 эмийн сангуудын 17 буюу 41.5 хувьд нь тамхинаас гаргах эмийн ба эмийн бус бүтээгдэхүүн байсан бол 24 буюу 58.5 хувьд худалдаалдаггүй байв. Худалдан авалтын тал хувийг 36-45 насны бүлгийн хэрэглэгч, 80 хувийг эрэгтэй хүйсийн хэрэглэгч эзэлж байгааг тогтоов. Харин эмийн сангуудад худалдаалагдаж байгаа тамхинаас гаргах зориулалт бүхий бүтээгдэхүүний 72.3 хувийг Tabex эм дангаараа, 27.7 хувийг тамхинаас гаргах наалт, тамхинаас гаргах бохь зэрэг бусад бүтээгдэхүүн эзэлж байв. Тамхинаас гаргах бүтээгдэхүүнүүдийг ихэвчлэн байшин хороололд байрлалтай эмийн сангууд худалдаалдаг болох нь тодорхойлогдсон бөгөөд СХД-ийн гэр хороололд давхардсан тоогоор 2 төрлийн (Tabex, Nosmoq) тамхинаас гаргах бүтээгдэхүүн байсан. Нэг хүнд ноогдох тамхинаас гаргах бүтээгдэхүүний зардал төрөл болон эмчилгээний хугацаанаас хамаарч дунджаар 78.000-507.000 төгрөгийн үнэтэй байгааг тодорхойлов. Дүгнэлт: Тамхинаас гаргах эмийн ба эмийн бус бүтээгдэхүүний төрөл, сонголтыг нэмэгдүүлэх, нэг хүнд ноогдох тамхинаас гаргах бүтээгдэхүүний зардлыг бууруулах шаардлагатай байна. Цаашид тамхинаас гаргах эмийн ба эмийн бус бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн даатгалын сангаар санхүүжүүлэх шаардлагатай байж болох юм гэж бид үзэж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Т.Ариунтуяа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
