Улаанбаатар хотын зарим дүүргийн сургуулийн өмнөх насны тархины саатай хүүхдийн амны хөндийн байдлыг судалсан дүн

Зохиогчид

  • Б.Мишээл АШУҮИС, НАСС, Хүүхдийн Нүүр Ам Судлал, Урьдчилан Сэргийлэлтийн Тэнхим Зохиогч
  • Б.Оюунцэцэг АШУҮИС, НАСС, Хүүхдийн Нүүр Ам Судлал, Урьдчилан Сэргийлэлтийн Тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Хүүхдийн нүүр ам судлал, Хөгжлийн бэрхшээл, Сургуулийн өмнөх нас, Шүд цоорох өвчин, Эрүүл ахуйн төлөв

Хураангуй

Үндэслэл: Тархины саатай хүүхдэд тархины аль хэсэгт гэмтэл үүссэнээс хамаарч хөдөлгөөний эмгэгүүд дангаараа эсвэл хавсарч илэрдэг байна. Эдгээр хөдөлгөөний эмгэгийн байдлаас хамааран тухайн хүүхэд нь алхах, ярилцах, хооллох, хувцаслах, усанд орох, шүдээ угаах зэрэг өдөр тутмын бие даасан үйл ажиллагааг гүйцэтгэхэд бэрхшээлтэй байдаг. Үүний улмаас хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд, эрүүл ахуйн байдал нь асран хамгаалагчаас хэсэгчилсэн эсвэл бүрэн хамааралтай болдог. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тархины саатай хүүхдийн амны хөндийн байдал нь тулгамдсан асуудал болж байгаа бөгөөд түүнийг судлах, эмчилгээний хэрэгцээг тодорхойлох шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Сургуулийн өмнөх насны тархины саатай хүүхдийн амны хөндийн байдлыг судлах. Арга, аргачлал: Бид дескриптив судалгааны нэг агшны загвараар сургуулийн өмнөх насны 119 хүүхдийг хамруулан судалгааг хийж гүйцэтгэсэн. Судалгаанд оролцогчдын амны хөндийн эрүүл ахуйн төлөвийг Федорова-Володкина (1970) аргаар үнэлж, нэг удаагийн үзлэгийн багаж ашиглан амны хөндийн өвчлөл, буйл тулгуур эдийн байдал болон бусад шинж тэмдгүүдийг үнэлэв. Судалгааны ажлын үр дүнг статистикийн STATA-18.0 (Stata Corp, USA) программ хангамжийг ашиглан боловсруулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 1-6 насны 119 хүүхдийн амны хөндийн эрүүл ахуй хангалтгүй (94.1%), шүд цоорох өвчний тархалт 89.1% байсан бол шүд цоорох өвчний эрчим 6.9±0.5 цл/ш байв. Үүнээс 4 насанд шүд цоорох өвчний эрчим хамгийн их буюу 11.2±1.2 байсан (p=0.000). Буйлны үнэлгээгээр 48.7% нь эрүүл, 51.3% нь үрэвсэлтэй байв. Судалгаанд оролцогчдын 37.8%-д нь шүлс гоожих шинж тэмдэг илэрсэн бол 62.2% нь шүлс гоожих шинж тэмдэггүй. Мөн шүдний эмгэг элэгдэл 23.5%-д илэрсэн ба нас нэмэгдэхийн хирээр буюу 6 насанд хамгийн их байгаа нь ажиглагдлаа (p=0.006). Дүгнэлт: Тархины саатай хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйн төлөв хангалтгүй ба нас нэмэгдэх тутамд шүд цоорох өвчний тархалт, эрчим, буйлны үрэвсэл болон бусад шинж тэмдэг нэмэгдэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Мишээл

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-11-07

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл