Мэс заслын дараа үүссэн хэвлийн өмнөд ханын том хэмжээний ивэрхийг биологийн гаралтай тор ашиглан нөхөж эмчилсэн тохиолдол
Түлхүүр үг:
Хүндрэл, Биологийн тор, Том хэмжээний ивэрхийХураангуй
Үндэслэл: Хэвлийн хөндийн, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны том хэмжээний мэс заслын дараа ивэрхий үүсэх нь нийт ивэрхийн тохиолдлын 10-15%-г эзэлдэг ба үүнээс хэвлийн голын шугамаар үүсэх ивэрхий 3-20% буюу хамгийн их тохиолдож байна.8 Хэвлийн хөндийн том цар хүрээтэй мэс заслууд болох нээлттэй хүрцээр ходоод, гэдэс, элэг, дэлүү болон нойр булчирхай тайрах мэс засал эмчилгээний дараа үүссэн хэвлийн өмнөд ханын том хэмжээний ивэрхий (>10 см) нь эдийн дутагдал, татагдал мөн бүтцийн алдагдал ихээр үүсгэдэгтэй холбоотой мэс заслаар эмчлэхэд хүндрэл учруулдаг. Ивэрхийг өвчтөний өөрийн эдээр болон тор тавьж нөхөх мэс засал эмчилгээний аргууд хэрэглэгдэж байгаа хэдий ч шарх халдварлагдах, ивэрхий дахих, хэвлийн эрхтнүүдийн наалдац, цорго үүсэх зэрэг хүндрэлүүд тохиолдсоор байна. Америкийн нэгдсэн улсад жилдээ 2.5-3 сая долларыг уг өвчний тусламж үйлчилгээнд зарцуулдаг гэсэн тооцоо байгаа ба Монгол Улсад хэвлийн өмнөд ханын хүрцээр хийгдсэн мэс заслын дараа үүссэн ивэрхийг нөхөх мэс засал эмчилгээний үр дүн, өртөг зардлыг тооцсон судалгаа ховор байна. Тохиолдлын танилцуулга: Эмчлүүлэгч 58 настай эмэгтэйн нарийн гэдэсний түгжрэл засах мэс засал эмчилгээний дараа үүссэн хэвлийн өмнөд ханын том хэмжээний ивэрхийг биологийн гаралтай тор ашиглан нөхөх мэс засал эмчилгээ хийгдсэн. Эмчилгээний үр дүн: Эмчлүүлэгчид мэс заслын дараах өвдөлт бага, эмнэлгийн ор хоног цөөн, хүндрэл илрээгүй, гоо сайханы хувьд сэтгэл ханамж өндөр байсан бөгөөд ивэрхийг бүрэн нөхөж эмчилсэн болно. Дүгнэлт: Уламжлалт аргаар ивэрхий засах боломжгүй болсон тохиолдолд биологийн тор ашиглан ивэрхий засах нь эмчилгээний нэг боломжит хувилбар болж байна. Нийлэг эдээс гарган авсан тор ашиглан том хэмжээний ивэрхийг нөхөн эмчилэхэд хүний биед гадны биетийн эсрэг хариу урвал ихээр өрнөж хурц улмаар архаг үрэвслийн нөлөөгөөр хүндрэл гарах нь элбэг байдаг тул биологийн (хүн болон гахайн эдээс гаргаж авсан эсгүйжүүлсэн) гаралтай тор ашигласанаар тухайн торны орчинд фибробласт болон эндотель эсүүд илүү ихээр шилжин байршиж биоматериалыг эзэн биеийн эдэд наалдуулах, коллаген ихээр үүсгэх зэргээр шархны эдгэрэлтийн явцыг дэмждэг байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Баатарсүрэн, С.Эрдэнэ
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
