Угаарын хийн хордлогын өнөөгийн байдал, хордлогын талаар иргэдийн мэдлэг, дадал, хандлагыг судалсан дүнгээс

Зохиогчид

  • Б.Майцэцэг АШУҮИС, НЭМС, Орчны Эрүүл Мэндийн тэнхим Зохиогч
  • Б.Буянтүшиг АШУҮИС, НЭМС, Орчны Эрүүл Мэндийн тэнхим Зохиогч
  • Г.Энхжаргал АШУҮИС, НЭМС, Орчны Эрүүл Мэндийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Агаарын бохирдол, Сайжруулсан түлш, Нүүрстөрөгчийн дутуу исэл, Угаарын хийн хордлого

Хураангуй

Үндэслэл: Хөгжиж буй улс орны иргэд гэр сууцаа халаах, хоол хийх зорилгоор уламжлалт галлагаа хийж байгаа нь дотоод орчны агаарын бохирдол, угаарын хийн хордлогод өртөхөд нөлөөлөх хүчин зүйл болж байна. Монгол Улсын Засгийн Газраас явуулж буй агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд 2019 оны 62 дугаар тогтоолоор нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн. Сайжруулсан түлш хэрэглэснээс хойш иргэдийн дунд угаарын хийн хордлогод өртөх, эмнэлэгийн тусламж авах тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа нь судалгаа хийх хэрэгцээ буйг илтгэж байна. Зорилго: Нийслэлийн иргэдийн угаарын хийн хордлогын өнөөгийн байдал, угаарын хийн хордлогын талаар мэдлэг, дадал, хандлагыг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвар ашиглан гүйцэтгэв. Нийслэлд 2017-2022 онд бүртгэгдсэн угаарын хийн хордлогын тохиолдолд дескриптив шинжилгээ хийв. Нийслэлийн төвийн 6 дүүргээс галлагаа хийдэг 395 өрхийн иргэдийг сайн дураар хамруулж угаарын хийн талаарх мэдлэг, дадал, хандлагыг 52 асуулт бүхий 4 бүлэг асуумжийн хуудсаар асууж судлав. Үр дүн: Нийслэлд 2017-2022 онд угаарын хийн хордлогын нийт 5799 (эрэгтэй 55.9%, эмэгтэй 42.7%, тодорхойгүй 1.4%) тохиолдол бүртгэгджээ. Хүүхэд, залуучууд 78.4% (0-17 нас 36.1%, 18-30 нас 21.8%, 31-45 нас 20.5%)-ийг эзэлж байна. Асуумж судалгаанд нийт 395 иргэдийг (эрэгтэй 37.7%, эмэгтэй 62.3%) хамруулсан. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл авдаг иргэдийн мэдлэг (p=0.0345), дадал (p=0.0002), хандлагa (p=0.0029) мэдээлэл огт авдаггүй иргэдээс ялгаатай байна. Гэр бүлийн гишүүдээр харьцуулахад дадал (p=0.0255) нь ялгаатай, боловсрол (p=0.0007), орлогын түвшин (p=0.0005), ажил эрхлэлтээр (p=0.0007) харьцуулхад мэдлэг нь тус тус ялгаатай байна. Иргэдийн мэдлэг тэдний дадал (p=0.0003; r=0.18) хандлага (p=0.0000; r=0.26) хооронд шууд, сул хамааралтай байна. Дүгнэлт: Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт 10000 хүн амд ногдох хордлогын тохиолдол бусад дүүргээс өндөр байна. Дутуу шаталтын дүнд үүсэх угаарын хийнд өртөхөд хордлогын шинж тэмдэг, анхны тусламж, урьдчилан сэргийлэх талаар иргэдийн мэдлэг хангалтгүй байна. Цаашид мэдээлэл, сурталчилгааг сайн явуулах, мөн бага, дунд боловсролтой иргэдийн мэдлэгийг сайжруулах шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Майцэцэг, Б.Буянтүшиг

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-05-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл