Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн эрэмбийн хуудаст хийсэн дүн шинжилгээ

Зохиогчид

  • А.Энхжаргал АШУҮИС, Сувилахуйн сургууль , Сүхбаатар Дүүргийн Нэгдсэн эмнэлэг Зохиогч
  • Ц.Басбиш Сүхбаатар Дүүргийн Нэгдсэн эмнэлэг Зохиогч
  • Г.Ганхуяг Сүхбаатар Дүүргийн Нэгдсэн эмнэлэг Зохиогч
  • Р.Оргилмаа Сүхбаатар Дүүргийн Нэгдсэн эмнэлэг Зохиогч

Түлхүүр үг:

Эрэмбэлэн ангилалт, Сувилагчийн ажлын ачаалал, Эрэмбийн хуудас, Нөлөөлөх хүчин зүйлс

Хураангуй

Үндэслэл: Яаралтай тусламжийн тасгийн сувилагч нарын эрэмбэлэн ангилах үйл ажиллагаатай холбоотой асуудлуудын дотроос ногоон эрэмбээр эрэмбэлэгдсэн үйлчлүүлэгчдийн тоон үзүүлэлт жил тутамд өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь тусламж үйлчилгээний ихэнх хувийг эзэлж, яаралтай тусламж үйлчилгээний ачааллыг нэмэгдүүлэх, цаашлаад нэн шаардлагатай тусламж үйлчилгээ авах үйлчлүүлэгчдэд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд сөргөөр нөлөөлж байна. Мөн манай улсын хувьд шар эрэмбэд эрэмбэлэгдсэн үйлчлүүлэгчдийн зардал нийт зардлын томоохон хувийг эзэлсээр байна. Иймээс яаралтай тусламжийн тасгийн үйлчлүүлэгч нарын эрэмбэд нөлөөлж буй хүчин зүйлийг судлах зайлшгүй хэрэгцээ байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Яаралтай тусламжийн тасгийн үйлчлүүлэгчдийн эрэмбийн хуудаст үндэслэн үйлчлүүлэгчдийг эрэмбэлсэн өнгө, тусламж үйлчилгээ үзүүлсэн хугацаа, эмчилгээний өртөг зардлыг тооцоолох, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг эргэмж судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Судалгааны мэдээллийг Сүхбаатар Нэгдсэн Эмнэлэг болон Чингэлтэй Дүүргийн Нэгдсэн Эмнэлгийг түшиглэн, яаралтай тусламжийн тасгийн үйлчлүүлэгчдийн 269 эрэмбийн хуудаснаас түүвэрлэв. Судалгааны мэдээллийг дескриптив статистик, Pearson корреляци болон олон регресс (multiple regression) дүн шинжилгээг ашиглан үр дүнг тооцоолов. Үр дүн: Судалгаанд оролцогсдын насны дундаж 44.8±14.81 жил, хүйсийн хувьд 52.4% (141) нь эмэгтэйчүүд байв. Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн эмчилгээний хуудаст үндэслэн үйлчлүүлэгчдийг эрэмбэлсэн өнгийг тодорхойлоход 56.1% (151) үйлчлүүлэгч шар эрэмбээр, 40.1% (108) үйлчлүүлэгч ногоон эрэмбээр эрэмбэлэгдсэн байв. Үйлчлүүлэгчдийн эрэмбэ болон нас сөрөг, сул хамааралтай (r=-0.180, p=0.027), харин үйлчлүүлэгчийн эрэмбэ нь судалгаанд оролцогсдын хүйстэй (r=0.135, p=0.02) эерэг, сул хамааралтай; боловсролын түвшинтэй эерэг, дунд зэргийн хамааралтай байв (r=0.352, p=0.001). Үйлчлүүлэгчдийн эрэмбэнд нас (R2=.029, P=0.003), хүйс (R2=.014, P=0.02), боловсрол (R2=.364, P=0.0001) нөлөөлж байна. Дүгнэлт: Нийт үйлчлүүлэгчдийн 96.2% (259) нь ногоон, шар эрэмбээр эрэмбэлэгдсэн ба нийт яаралтай тусламжийн зардлын 97%ийг эзэлж байв. Үйлчлүүлэгчийн эрэмбэд тэдний нас, хүйс, боловсрол зэрэг хүн ам зүйн хувьсагч нөлөөлж байна. Иймд цаашид хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох нэн шаардлагатай ба энэ нь яаралтай тусламж үйлчилгээний ачаалал, эмчилгээний өртөг зардлыг бууруулах, цаашлаад нэн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай үйлчлүүлэгчдэд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд чухал нөлөөтэй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Басбиш, Р.Оргилмаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-03-20

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл