Ревматоид артриттай хүмүүсийн ийлдэсний глюкокортикоидын хэмжээнд эвэр соруул заслын үзүүлэх нөлөөг судалсан дүн

Зохиогчид

  • Du Leng АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль Зохиогч
  • Na Ren БНХАУ, ӨМӨЗО, Шилингол Монгол Эмнэлгийн хороо Зохиогч
  • Ч.Чимэдрагчаа АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль Зохиогч
  • П.Молор-Эрдэнэ АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Ревматоид артрит, Эвэр соруул, Глюкокортикоид

Хураангуй

Үндэслэл: Ревматоид артрит (RA) нь системийн олон гэмтлээр тодорхойлогддог аутоиммуны өвчин юм. РА-ыг дархлалын үйл ажиллагааны алдагдал бүхий олон тооны өвчнүүдээс бүрдсэн эмнэл зүйн хамшинж гэж үздэг бөгөөд хэрэв эмчлэхгүй бол архаг үрэвсэлд шилжиж, үе мөч, эрхтнүүдэд эргэшгүй өөрчлөлтийг үүсгэдэг. Глюкокортикоидууд (ГК)-ыг насанд хүрэгчдэд РА-ын эхний эгнээний эмчилгээ болгож өндөр тунгаар хэрэглэдэг бөгөөд удаан хугацаагаар хэрэглэхэд цусны даралтыг ихэсгэх, цусан дах глюкоз, өөх тосны хэмжээг нэмэгдүүлэх, таргалалт болон урт хугацааны хордлогыг үүсгэх зэргээр янз бүрийн гаж нөлөөг үзүүлдэг. Эвэр соруул эмчилгээ бол хэрх өвчний эмчилгээнд хэрэглэж ирсэн Монголын уламжлалт анагаах ухааны заслын арга юм. Зорилго: Эвэр соруул засал хийлгэсэн РА-тай хүмүүсийн цусан дах глюкокортикоид (ГК)-ын хэмжээнд илрэх өөрчлөлтийг судлах. Арга, аргачлал: Эрүүл болон РА-тай хүмүүст эвэр соруул заслыг 21 хоногийн турш хийсэн. Эмчилгээний өмнө, дунд, дараа цуснаас сорьц авч, ийлдэст ТМТ-т суурилсан квантитатив протеомиксийн шинжилгээ (tandem mass tag-based quantitative proteomics)-г хийж ГК-ын хэмжээг тодорхойлсон. Үүнээс гадна фермент холбоот иммуносорбент сорил (ELISA)-ийг ашиглан цусны сорьц дах ГК-ын хэмжээг тогтоосон. Үр дүн: ГК-ын тоон болон ялгавартай шинжилгээний үр дүнгээс үзэхэд РА-тай хүмүүсийн ийлдэсний ГК-ын хэмжээ эвэр соруул заслын өмнө өндөр байсан ба эмчилгээний явцад болон дараа (p=0.0013) буурсан байв. Түүнчлэн ELISA сорилоор эвэр соруул заслын дараа РА-тай хүмүүсийн ийлдэсний ГК-ын хэмжээ статистик ач холбогдолтойгоор буурсан нь тогтоогдсон (p<0.0001). Генийн онтологийн арвижуулалтын шинжилгээгээр ГК нь голчлон байршил тогтоох, байршил, зөөвөрлөлт, витамин трансмембран зөөвөрлөлт зэрэг биологийн үйл явцад арвижиж байгаа нь тогтоогдсон. ГК мөн цэврүү, эсийн гаднах эксосом, эсийн гаднах цэврүү, эсийн гаднах органелл гэх мэт эсийн бүрэлдэхүүн хэсгүүдэд их хэмжээтэй байх бөгөөд эсийн араг ясны уураг, актин, жижиг молекул, органик цагариг нэгдлийг холбох зэрэг үүрэгтэй байв. Дүгнэлт: Эвэр соруул засал нь ГК хэрэглэсэн РА-тай хүмүүсийн цусан дах ГК-ын хэмжээг илэрхий бууруулах нөлөө үзүүлж байна. Эвэр соруулаар биеийн шингэнийг татаж гаргах нь ГК-ын удаан хугацааны хордлогыг бууруулж, гаж нөлөөг багасган, бие махбодод үзүүлэх хортой нөлөөг сааруулахад дөхөм болно хэмээн таамаглаж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: П.Молор-Эрдэнэ

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-03-20

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл