КОВИД-19 өвчний дотоодын болон зөөвөрлөгдсөн халдварын эмнэлзүйг харьцуулан судалсан дүн
Түлхүүр үг:
SARS-CoV-2, Эрт илрүүлэг, Асимптоматик, ХүндрэлХураангуй
Үндэслэл: КОВИД-19 өвчнийг эрт илрүүлэх, эмнэлзүйн илрэлийг зөв үнэлж шинжлэх нь SARS-CoV-2 вирусийн шалтгаант хүндрэл, нас баралтыг бууруулах ач холбогдолтой. КОВИД-19 цар тахлын эхэн үед Монгол улс гадаадаас ирсэн хүн бүрийг илрүүлэг шинжилгээнд хамруулж, тусгаарлан, эмчилснээр 8 сар дотоодын халдвар тархаагүй юм. Зорилго: КОВИД-19-ийн дотоодын болон зөөвөрлөгдсөн тохиолдлын эмнэлзүйг харьцуулан судлах. Арга, аргачлал: КОВИД-19 өвчний гадаадаас зөөвөрлөгдсөн 276, дотоодод тархсан халдварын 1024 тохиолдлыг судалгаанд хамруулав. Судалгааны материалд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүүлсэн өвчний түүхийг ашиглаж, үр дүнг R Studio 4.1.3 програмаар шинжлэв. Ингэхдээ АШУҮИС-ийн судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2021/3-06 хурлаар зөвшөөрөл авч хийж гүйцэтгэв. Үр дүн: Бид КОВИД-19 өвчний зөөвөрлөгдсөн тохиолдлын үед залуучуудын өвчлөл (дундаж нас 26.5±11.2 жил) болон асимптоматик хэлбэр (36.9%) дотоодын халдвартай харьцуулахад (дундаж нас 38.9±21.7 жил, p<0.001 болон 12.1%, p<0.001) харьцуулахад илүү тохиолдож байв. Хүйсийн хувьд зөөвөрлөгдсөн тохиолдолын дунд эрэгтэйчүүд давамгайлж (67.8%) байсан бол дотоодын халдварын үед эмэгтэйчүүд давамгайлж (57.8%) байлаа (p<0.001). Симптоматик хэлбэр зөөвөрлөгдсөн халдварын үед 63.1%, дотоодын тохиолдлын дунд 87.9% тодорхойлогдсон бөгөөд эмнэлзүйн хөнгөн хэлбэр 30.5% ба 28.5%, дунд - 32.6% ба 37.8% байсан бол зөөвөрлөгдсөн халдварын үед хүнд болон нэн хүнд хэлбэр бүртгэгдээгүй бол дотоодын КОВИД-19 өвчний үед 18.5% ба 3.1% тус тус байв. Эмнэлзүйн хувьд зөөвөрлөгдсөн тохиолдолд ханиах шинж 19.2%-д илэрсэн бол дотоодын халдварын үед 60.9%, халуурах -13.4% ба 29.2%, толгой өвдөх -14.9% ба 33.7%, дотор муухайрах шинж 3.9% ба12.2%, цээжээр өвдөх -5.1% ба 20.8%, амьсгал олшрох -1.1% ба 27.3% буюу дотоодын халдварын үед эмнэлзүйн шинж тэмдэг илүү (p<0.001), тод ажиглагдаж байв. Дүгнэлт: Монгол улсад КОВИД-19 цартахлын дэгдэлтийн тархалтаас сэргийлэх арга хэмжээг эрт эхлүүлсэний үр дүнд зөөвөрлөгдсөн тохиолдлын дунд асимтоматик, хөнгөн хэлбэр зонхилж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Мөнх-Ундрах, Г.Хоролгарав, Л.Энхсайхан, Ц.Чинбаяр
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
