КОВИД-19 вакцины (Pfizer-biontech) нэмэлт дархлаажуулалтын дараах эсрэг биеийн түвшин, хариу урвалыг үнэлэх эмнэлзүйн судалгаа
Түлхүүр үг:
SARS-CoV-2 BNT162b2 Comirnaty Синофарм Хагас тун АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхим Mонгол, Индонез, Утас:88863949Хураангуй
Үндэслэл: Монгол улсад насанд хүрэгчдэд 2022 онд КОВИД-19 халдварын (SARS-CoV-2) эсрэг вакцины дараах нэмэлт тунг (booster dose) суурь вакцины дархлааг сэргээх, вирусийн шинэ хувилбарт өртөх, өвчлөл хүндрэхээс сэргийлэх зорилготойгоор хийж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл КОВИД-19 өвчний эсрэг вакцины нэмэлт тун хийх зохистой хугацаа, зорилтот бүлэг, вакцины дараах дархлаа хадгалагдах хугацаа, нэмэлт тунгийн хариу урвалын талаар судлагдсаар байна. Австралийн Мурдокийн хүүхдийн судалгааны төвийн санхүүжилтээр Австрали, Монгол, Индонез гэсэн гурван оронд 2022-2025 онд суурь вакцины дараах дархлааг сэргээх зорилгоор Файзер (Pfizer-BioNtech) вакцины нэмэлт тунгийн дархлаажуулалтын дараах дархлаа тогтоц, аюулгүй байдал, хариу урвалыг үнэлэх эмнэлзүйн туршилт судалгааг зэрэг хэрэгжүүлж байна. Ингэхдээ Файзер (Pfizer-BioNtech) вакциныг хагас тунгаар хийхэд дархлаа тогтоох чадвар нь стандарт буюу бүтэн тунгаар хийсэнтэй ойролцоо үр нөлөөтэй байна гэсэн таамаглал дэвшүүлсэн. Уг таамаглалыг нотолсноор дархлаажуулалтын зардлыг хэмнэх, хүртээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм. Зорилго: КОВИД-19 өвчний эсрэг Синофарм вакцины 2 тунд хамрагдсан хүмүүст Pfizer-BioNTech (BNT162b2, эсвэл Comirnaty) вакцины стандарт болон хагас нэмэлт тунгийн хариу урвал болон эсрэг биеийн түвшинг судлах. Арга, аргачлал: Судалгааг дан нууцлалтай, санамсаргүй хуваарилалттай, хяналттай эмнэлзүйн туршилт судалгааны загвараар хийсэн бөгөөд Синофарм вакцины 2 тунд хамрагдсанаас хойш 6 сар болсон насанд хүрэгчдэд Файзер вакциныг нэмэлтээр стандарт буюу бүтэн тун (30μg) болон хагас (15μg) тунг хяналтын болон туршилтын 2 бүлэгт хийж хариу урвал, эсрэг биеийн түвшинг вакцин хийлгэхийн өмнө, хийлгэснээс хойш 1 болон 6 сарын дараа дагаж судлан тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд орох шалгуур хангасан 399 оролцогчдод нэмэлт дархлаажуулалтын дараах үүссэн хэсгийн хариу урвал нь вакцины хагас болон бүтэн тунгийн дараа ойролцоо байсан (4/299 [1.3%]; ба 6/299 [2.0%]). Харин стандарт тун хийлгэсэн оролцогчдод хүнд хэлбэрийн урвал хүндрэл 60%, системийн хариу урвалын 72%; хагас тун хийлгэсэн оролцогчдод хүнд хэлбэрийн урвал хүндрэл 25%, системийн хариу урвал 32% илэрсэн. Нэмэлт тунгийн дараах дархлаа тогтоц нь хагас болон стандарт тунгийн хувьд ойролцоо буюу 84.7% (250/295) ба 86.6% (253/292) зөрүү багатай байсан нь статистикийн хувьд ач холбогдолтой байв. Дүгнэлт: Файзер (Pfizer-BioNtech) вакцины хагас тунгийн дараах дархлаа тогтоц стандарт тунтай ойролцоо үр дүнтэй, вакцины дараа илрэх хариу урвал бага байгаа нь цаашид Синофарм вакцины дараа нэмэлт дархлаажуулалтыг Файзер вакцины хагас тунгаар хийх боломжтойг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
