C57bl/6 хулганад үүсгэсэн харшлын загварын уушгины эд судлалын шинжилгээний үр дүн
Түлхүүр үг:
Овальбумин, Хөнгөнцагааны гидроксид, C57BL/6 хулгана, Эд судлалын шинжилгээХураангуй
Үндэслэл: Харшил нь дархлааны механизмаар үүсгэгдсэн хэт мэдрэг байдлын хариу урвал юм. Харшлын шалтгаант өвчлөл нь дэлхийн хүн амын дунд жил бүр өсөн нэмэгдэж байгаа ба харшлын шалтгаант уушгины эмгэгээс түгээмэл тохиолддог нь гуурсан хоолойн багтраа өвчин юм. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага (ДЭМБ)-ын 2019 оны судалгаагаар дэлхий дахинд харшлын шалтгаант гуурсан хоолойн багтраа өвчний нийт 339 сая тохиолдол бүртгэгдсэн ба 2025 онд 400 саяд хүрнэ гэж тооцоолжээ. Эмнэлзүйн туршилт судалгаа нь харшлын шалтгаант гуурсан хоолойн багтраа өвчнийг судлахад хамгийн сайн загвар мөн боловч ёс зүйн асуудлаас үүдэн туршилтын амьтны загварыг түлхүү ашигладаг. Харшлын эмгэгжамыг ойлгох, шинэ эмчилгээг туршин судлах, урьдчилан сэргийлэх аргыг нарийвчлан судлахад туршилтын амьтны эмгэг загвар шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болж байна. Зорилго: С57BL/6 хулганад овальбумин болон хөнгөнцагааны гидроксидын холимгоор үүсгэсэн харшлын загварыг эд судлалын шинжилгээгээр батлах. Арга, аргачлал: Бид судалгаанд 6-8 долоо хоногтой C57BL/6 үүлдрийн 10 эмэгчин хулганыг хяналт болон туршилтын бүлэгт хуваан овальбумин, хөнгөнцагааны гидроксидын холимогоор үйлчилэн харшилын загварыг үүсгэсэн. Туршилтын хулганад овальбуминыг сүүлийн тунгаар үйлчилснээс 24 цагийн дараа егүүтгэж, уушгины эд судлалын шинжилгээ хийсэн. Уушгины эдийн бэлдэцийг гематоксилин эозин болон PAS будгийн аргаар будаж үрэвслийн эсийн нэвчдэс болон хундаган эсийн тоог гистологи оноогоор үнэлэв. Үр дүн: Гематоксилин эозин будгийн аргаар уушгины эдийн бэлдэцийг будаж шинжлэхэд, овальбуминаар үйлчилсэн туршилтын хулганад уушгины судасны ойролцоох бүсэд болон гуурсан хоолой орчимд үрэвслийн эсийн нэвчдэс тэр дундаа эозинофил эсийн нэвчдэс тодорхойлогдсон. Уушгины эдийг PAS будгийн аргаар будаж гэрлийн микроскопоор шинжлэхэд, хяналтын бүлэгтэй харьцуулахад овальбуминаар үйлчилсэн туршилтын бүлэгт хундаган эсийн тоо олширч (*p<0.01), салс ялгаралт ихэссэн. Дүгнэлт: C57BL/6 хулганад овальбумин, хөнгөнцагааны гидроксидын холимгоор харшлын гаралтай уушгины эдийн үрэвслийн загварыг амжилттай үүсгэлээ.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Г.Ням-Очир, Ч.Гансүх, О.Сүрэн, Л.Энхсайхан
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
