Ходоодны хорт хавдрын тохиолдлыг эрт илрүүлэг шинжилгээгээр судалсан үр дүн
Түлхүүр үг:
Монгол, Гистологи, Түвшин, Хувь, АнгилалХураангуй
Үндэслэл: Монгол улс ходоодны хорт хавдрын өвчлөл болон нас баралтын түвшнээрээ дэлхий дахинд тэргүүлсээр байна. Иймд 2022 оноос эхлэн Монгол улсад улаан хоолой ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж хүн амын дунд ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийн түвшинг тодорхойлох олон төвт судалгааг хийсэн. Зорилго: Ходоодны хавдрын эрт болон хожуу үеийн илрүүлгийн үр дүн, эрт үеийн хавдрын илрүүлэлтийн түвшинг судлах. Арга, аргачлал: 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 5 дугаар сарын хооронд буюу 1 жилийн хугацаанд Монгол улсын 28 дурангийн төвд ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн доторх хорт хавдрын урьдал эмгэг (бага түвшинт дисплази, эсийн атип) болон хорт хавдар (өндөр түвшинт дисплази, аденокарцинома, сигнет эсийн хорт хавдар гэх мэт)-ыг илрүүлэх зорилгоор олон төвт ретроспектив судалгааг хийсэн. (Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн дурангийн төвүүд). Энэхүү судалгааны үндсэн үр дүн нь эрт илрүүлэлтийн түвшинг тодорхойлох (эндоскопийн шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн эерэг тохиолдлын эзлэх хувь), хорт хавдрын төрөл, түүний дотор түүний урьдал өвчний шинж чанарыг тодорхойлох явдал байв. Үр дүн: Бидний судалгаанд 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 5 дугаар сар хүртэл нийт 67634 хүн хамрагдсанаас дурангийн шинжилгээгээр 402 буюу нийт хүмүүсийн 0.5% нь ходоодны хорт хавдартай гэж оношлогдсон байна. Ходоодны хорт хавдрын эрт үе шатанд өвчлөгсдийн эзлэх хувь 56.9% байна. Дүгнэлт: 1. Ходоодны хавдрын бус өөрчлөлтийн хувьд эдийн шинжилгээнд бага түвшинт дисплази өөрчлөлт давамгай илэрч байна 2. Ходоод-улаан хоолойн хорт хавдраас урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг эхлүүлсэн нь ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх, эмчлэх боломжийг тогтоосноор ходоодны хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах ач холбогдолтой байгаа нь уг хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Х.Цэвэлноров, Д.Даваадорж, Ц.Бямбажав, А.Энх-Амар
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
