Бөөр шилжүүлэн суулгасны дараах сүрьеэгийн халдвар

Authors

  • Ж.Энхтуяа АШУҮИС, Бөөр судлалын тэнхим Author
  • Т.Балжинням АШУҮИС, Бөөр судлалын тэнхим Author
  • Т.Ариунаа АШУҮИС, Бөөр судлалын тэнхим Author

Keywords:

Бөөр орлуулах эмчилгээ, Реципиент, Халдвар, Хүндрэл, Дархлаа дарангуйлах

Abstract

Эрхтэн шилжүүлэн суулгалт нь эрхтэн системийн эмгэгийн төгсгөлийн шатны дэвшилтэт эмчилгээний аргуудын нэг билээ. Реципиентийн амьдралын чанар, амьдрах чадварын үзүүлэлт нь мэс заслын техник, дархлаа дарангуйлах эмчилгээний ололт амжилтын дүнд сайжирсаар байна. Хэдий тийм боловч суулгалтын дараах суулгацын ховхролт, халдварын хүндрэлүүд нь реципиентийн өвчлөл, нас баралтын шалтгааны тэргүүлэх байранд байна. Эрхтэн шилжүүлэн суулгасны дараа эхний 1 сард буюу эрт үед нозокомиал халдвар үүсгэгчид, мэс заслын дараах, зарим донороос үүдэлтэй халдварт өртдөг бол хожуу буюу 1-6 сарын дараа дархлаа дарангуйлах эмчилгээтэй холбоотой үүсэх оппортунист халдвараар хүндэрнэ. Хоёрдогчоор оппортунист халдварт өртөх нь ихэвчлэн хүчтэй дархлаа дарангуйлах эмчилгээ хийгдэж байгаа болон орчны өвөрмөц байдал, улс орны онцлогоос хамаарч илэрнэ. Удаан хугацаагаар хийгдэх дархлаа дарангуйлах эмчилгээний улмаас дархлааны үйл ажиллагаа суларсантай холбоотой эрхтэн шилжүүлэн суулгасан реципиентүүдийн дунд сүрьеэгийн халдварын тохиолдлын тоо нийт хүн амын дунд тохиолдох сүрьеэгийн тохиолдлоос илүү өндөр байгаа нь олон судалгаанд дурдагдсан байна. Эрхтэн шилжүүлэн суулгасан реципиентүүдийн дунд идэвхитэй хэлбэрийн сүрьеэгийн тархалт нь сүрьеэгийн тархалт өндөр бүсийн орнуудад 10-15 хувьтай буюу харьцангуй өндөр байна. Сүрьеэгээр өвдөх нь реципиентийн эмнэлгийн нас баралт (6.1%), суулгацын 1 жил амьдрах хугацаа (97%) буурах шалтгааны нэг байгаа тул эрт илрүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх тал дээр эрдэмтэн судлаачид анхааран ажиллаж байна.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Published

2021-09-01

Issue

Section

Original Articles