Helicobacter pylori-ийн халдварын дахилт, түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлс

Authors

  • Б.Сувданцэцэг АШУҮИС, АУС, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим , ТТАХНЭ, Дотрын II тасаг Author
  • Н.Бира АШУҮИС, АУС, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим Author
  • Д.Эрдэнэцогт АШУҮИС, АУС, Эмгэг бүтэц зүйн тэнхим Author
  • Д.Соёлмаа АШУҮИС, Монгол Япон эмнэлэг, Дурангийн тасаг Author
  • А.Туяа ТТАХНЭ, Дотрын II тасаг Author
  • Ч.Бат-Оюун ТТАХНЭ, Эмнэлзүйн нэгдсэн лаборатори Author
  • А.Энхцэцэг Цэргийн төв эмнэлэг, Лабораторийн тасаг Author
  • Ц.Бямбажав АШУҮИС, АУС, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим , АШУҮИС, Монгол Япон эмнэлэг, Дурангийн тасаг Author

Keywords:

Helicobacter pylori, Дахилт, Сэдрэлт, Дахин халдвар

Abstract

Үндэслэл: Helicobacter pylori (H.pylori)-ийн халдварын дахилт жил тутам хөгжингүй орнуудад 2.7%, хөгжиж буй орнуудад 13% байгаа бөгөөд Монгол улсын хэмжээнд одоогоор энэ чиглэлээр хийгдсэн судалгаа байхгүй байна. Зорилго, зорилт: H.pylori-ийг устгах эмчилгээний дараах халдварын дахилт, түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох Материал ба арга зүй: Судалгааг проспектив когорт судалгааны загвараар АШУҮИС, Их сургуулийн нэгдсэн эмнэлэг (ИСНЭ),Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-т тус тус явуулсан. 2014 оны 03 сараас 2021 оны 03 сарын хооронд H.pylori-ийг устгах эмчилгээ хийлгэж H.pylori устсан хүмүүсийг уг судалгаанд хамруулсан. Судалгааны явцад буюу 1-7 жилийн хугацаанд жил тутам H.pylori-ийг илрүүлэх шинжилгээнд хамруулан, 2 ба түүнээс дээш шинжилгээнд H.pylori эерэг гарсан тохиолдолд H.pylori-ийн халдварын дахилт гэж үнэлэв. H.pylori-ийн халдварын дахилт эмчилгээний дараах 12 сараас дээш хугацаанд тодорхойлогдвол дахин халдвар гэж үнэлсэн. Дахин халдварт нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг олон хүчин зүйлийн кокс регрессийн аргаар хийж, эрсдэлт хүчин зүйлсийн дан ба хавсарсан нөлөөллийг үнэлж, харьцуулсан харьцаа (HR), түүний 95% итгэх интервал статистик үнэн магадлал тооцсон. Үр дүн: Судалгаанд нийт 204 хүн хамрагдсанаас хяналтын 6-84 сарын хугацаанд нийт оролцогчдын 62.7% нь хамрагдсан. Эмчилгээний дараах 6-12 сарын хугацаанд 128 хүн шинжилгээнд хамрагдаж 15 буюу 11.7% (128/15)-д нь H.pylori-ийн халдварын сэдрэлт илэрсэн. Эмчилгээний дараах нийт 6 жилийн хугацаанд дахин халдвар 29.1% (58/199), дунджаар 1 жилд 4.85%-тай байна. Судалгааны явцад буюу нийт 7 жилийн хугацаанд H.pylori халдварын дахилт 22.3% (73/327), үүний 20% нь сэдрэлт, 80% нь дахин халдвар байдлаар тохиолдож байна. H.pylori-ийн дахин халдварт олон нийтийн газарт хооллох (HR=2.1, 95%CI: 1.23-3.86), гэр бүлийн гишүүдийн тоо олон байх (HR=2.4, 95%CI: 1.354.34), гэр бүлийн гишүүд зэрэг эмчлүүлээгүй байх (HR=1.9, 95%CI: 1.01-3.69), гэр бүлийн гишүүд ходоодны хавдрын өгүүлэмжтэй байх (HR=2.57, 95%CI: 1.51-4.41) зөөврийн ус хэрэглэдэг байх (HR=1.4, 95%CI: 1.03-2.11) (бүгд p<0.05) зэрэг нь нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болж байна. Дүгнэлт: Монгол улсад H.pylori-ийн халдварын дахилт харьцангуй өндөр байна. Олон нийтийн газарт хооллох давтамжийг бууруулж, H.pylori устгах эмчилгээг гэр бүлийн гишүүн бүрт зэрэг хийлгэснээр H.pylori-ийн халдварын дахилтыг бууруулах боломжтой байна.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Н.Бира, Д.Эрдэнэцогт, Ц.Бямбажав

Published

2021-09-01

Issue

Section

Original Articles