Хот хөдөөгийн өсвөр насны хүүхдүүдийн илүүдэл жин таргалалтыг судлах нь

Authors

  • Ч.Мөнхболор Хөвсгөл аймаг Тосонцэнгэл сумын ЭМТ Author
  • Л.Баярмагнай АШУҮИС, НЭМС Author
  • О.Гэрэлмаа АШУҮИС, НЭМС Author
  • Д.Даваалхам АШУҮИС, НЭМС Author

Keywords:

Өсвөр насны хүүхэд, Хот, Хөдөө, Илүүдэл жин, Таргалалт

Abstract

Үндэслэл: ДЭМБ-ийн 2020 оны тайланд 1.9 тэрбум насанд хүрэгчид илүүдэл жинтэй байгаа бөгөөд эдгээрийн 650 сая хүн таргалалттай байна. Таргалалтын тархалт 1975 оноос хойш 3 дахин нэмэгдсэн байна. 2020 онд 5-19 настай 340 сая хүүхэд илүүдэл жин, таргалалттай байна.1 Судалгаагаар илүүдэл жин, таргалалт нь Монгол улсын хүн амын дунд 1993-2002 онд 17.3-27% байсан бол 2005 онд 31.6% 2009 онд 39.8% болж тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.4 Зорилго: Хот, хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулийн (ЕБС) ахлах ангийн хүүхдүүдийн дунд илүүдэл жин, таргалалтын тархалтыг тодорхойлж, хүн амзүй нийгэм эдийн засгийн байдалтай нь холбон судлах. Материал аргазүй: Монгол орны нийгэм эдийн засгийн байдал болон газарзүйн онцлогийг тусгах зорилгоор түүвэрлэлтийг хот, аймаг, сум гэсэн 3 түвшинд хийсэн. Монгол улсын хэмжээн дэх улсын мэдлийн дунд сургуулийн жагсаалтыг боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас гаргуулан авсан 593 сургуулиас түүвэрлэн авч нийт 15-18 насны 1005 сурагчдыг судалгаанд хамруулсан. Мэдээ материалыг тоон аргаар цуглуулсан бөгөөд асуумж хуудас нь 8 бүлэг 95 асуултаас бүрдсэн. Үр дүн: Судалгаанд нийт 1005 хүүхэд хамрагдсанаас 32.5% нь Улаанбаатар хотоос, 67.5% нь хөдөө орон нутгаас хамрагдсан байна. Судалгаанд 15-18 настай хүүхдүүд хамрагдсан бөгөөд хүйсээр авч үзвэл 38.4% нь эрэгтэй, 61.6% нь эмэгтэй сурагчид хамрагдсан байна. Биеийн жингийн индексээр сурагчдыг үнэлэхэд 5.9%(59) илүүдэл жинтэй, таргалалттай 0.8%(8) илэрсэн байна. Дүгнэлт: Судалгаанд оролцсон сурагчдын дунд 5.9% нь илүүдэл жинтэй, 0.8% нь таргалалттай байна. Сурагчдын охид нь илүүдэл жингийн хувьд хөвгүүдтэй харьцуулахад илүү байна. Хот хөдөөгийн сурагчдын биеийн жингийн ялгаа ажиглагдсангүй.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Д.Даваалхам

Published

2021-09-01

Issue

Section

Original Articles