Association between female pattern hair loss and risk factors in postmenopausal women

Authors

  • О.Лхагвацэрэн Author
  • П.Хишигжаргал Author
  • Г.Баянжаргал Author
  • Б.Баярмаа Author

Keywords:

Alopecia, body mass index, fasting glucose level, menopause

Abstract

Үндэслэл: Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн дунд эмэгтэй хэв шинжит үс халзралт (ЭХШҮХ) түгээмэл тохиолддог. Тус өвчний эмгэг жам бүрэн тайлбарлагдаагүй хэдий ч насжилт, бэлгийн дааврын өөрчлөлт, удамшлын урьдал байдал, шим тэжээлийн дутагдал, таргалалт зэрэг нь ЭХШҮХ-ын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар ЭХШҮХ-ын эрсдэлт хүчин зүйлс, тэдгээрийн хамаарлыг судалсан ажлууд цөөнгүй хийгдэж байгаа ч, манай оронд энэ төрлийн судалгааны ажил хомс байна. Зорилго: Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн дундах эмэгтэй хэв шинжит үс халзралтыг бодисын солилцооны зарим өөрчлөлттэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвар ашиглан 2026.01 сараас 2026.03 сарын хугацаанд АӨСҮТ-өөр үйлчлүүлсэн 50-65 насны цэвэршсэн 30 эмэгтэйг хамруулсан. ASL 202 Lens (Aram Huvis, БНСУ) дижитал төхөөрөмж ашиглан 1 см2 талбайд үсний нягтралыг үнэлсэн. ЭХШҮХыг Людвигийн онооны шалгуурын дагуу I-III зэрэг болгон ангилсан. Статистик боловсруулалтыг SPSS 27.0 программ хангамж ашиглан үнэн магадлалын түвшинг 0.05 тохиолдолд ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 55.63±3.55 жил, дундаж БЖИ 27.85±4.3 кг/м2, бүсэлхийн тойрог 88.4±12.4 см тус тус байв. Судалгаанд хамрагдсан бүх оролцогчдод ЭХШҮХ оношлогдсон бөгөөд Ludwig-ийн оноогоор 56.7% (n=17) нь I зэрэг, 40% (n=12) нь II зэрэг, 3.3% (n=1) нь III зэргийн ЭХШҮХ-тай байв. I зэргийн ЭХШҮХ-тай хүмүүстэй харьцуулахад II, III зэргийн ЭХШҮХ-тай хүмүүст БЖИ (26.33±2.65 кг/ м2; 29.85±5.26 кг/м2) болон цусан дах өлөн үеийн глюкозын түвшин (4.95±0.51 ммоль/л; 6.79±2.74 ммоль/л, p=0.001) тус бүр статистик үнэн магадлал бүхий ялгаатай өндөр байв. Корреляцийн шинжилгээгээр БЖИ ба үсний нягтрал хооронд сөрөг хамаарал ажиглагдлаа (r=-0.53, p=0.003). Шугаман регрессийн шинжилгээгээр ЭХШҮХ-ын хүндийн зэрэгт нөлөөлөх хүчин зүйлсийг судлахад БЖИ (β коэффициент 0.413; 95% ИИ: 0.007, 0.09; p=0.023) ба өлөн үеийн глюкозын (β коэффициент 0.458; 95% ИИ: 0.028, 0.2; p=0.011) түвшин нэмэгдэх нь ЭХШҮХ хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн дийлэнх нь Ludwig-ийн оноогоор I зэргийн ЭХШҮХ-тай бөгөөд БЖИ ба өлөн үеийн глюкозын түвшин өндөр байх нь тус өвчин хүндрэхэд нөлөөлж байна.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Published

2026-04-28