Psychiatrists’ Knowledge, Attitudes, and Training Needs Regarding Assessment of HIV and Sexual Risk Behaviors

Authors

  • М.Уранчимэг Author
  • Н.Билгүүн Author
  • В.Нямцэнгэл Author
  • З.Хишигсүрэн Author

Keywords:

clinical interview, screening, stigma-free care, sexually transmitted infections, training needs

Abstract

Бэлгийн эрсдэлт зан үйл нь ХДХВ, тэмбүү гэх мэт бэлгийн замаар дамжих халдвар авах, хүсээгүй жирэмслэлт зэрэг нөхөн үржихүйн болон сэтгэц-нийгмийн сөрөг үр дагаварт хүргэдэг тул эрт илрүүлж, үнэлэх шаардлагатай асуудлын нэг юм. Бэлгийн эрсдэлт зан үйлтэй үйлчлүүлэгчдэд сэтгэцийн эрүүл мэндийн талаас айдас, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, ичих, ялгаварлан гадуурхалтад өртөх зэрэг сэтгэц-нийгмийн тулгамдсан асуудлууд үүсдэг учраас сэтгэцийн эмч нь эрт илрүүлж, зөвлөгөө өгөх, дараагийн тусламжид чиглүүлэх шаардлагатай байдаг. Зорилго: Бэлгийн эрсдэлт зан үйлийн талаар сэтгэцийн эмч нар асуумж авах мэдлэг, хандлагыг үнэлж цаашдын сургалтын хэрэгцээг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг хийв. Арга, аргачлал: Судалгааг дискрептив судалгааны агшингийн загвараар 2025 оны 7–10 дугаар сард СЭМҮТ, дүүргийн болон орон нутгийн эрүүл мэндийн төв, сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн эмнэлгийн нийт 158 сэтгэцийн эмчийг хамруулж асуумж судалгааны аргаар хийв. Өгөгдлийг Microsoft Excel болон SPSS 23 программд боловсруулж, дүрслэх статистик, χ² тест, параметр бус шинжилгээ, Спирманы корреляци, шугаман регрессийн загвар ашиглан үнэлэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан эмч нарын 78.5% нь эмэгтэй, дундаж нас 36.8±10.2 жил байв. Сэтгэцийн эмч нар үйлчлүүлэгчдийн бэлгийн эрсдэлт зан үйлийг тодорхойлох 22 асуултаас дунджаар 6.2±5.7 асуулт асууж байгаа нь эмнэлзүйн практикт харьцангүй цөөн асуулт асуудаг болох нь харагдаж байна. Судалгааны үр дүнгээс үзвэл эрэгтэй эмч нар (p=0.036), хувийн хэвшлийн эмч нар (p=0.034) илүү олон тооны асуулт асуудаг болох нь статистик ач холбогдолтой байна. ХДХВ-ийн мэдлэгийг үнэлэх боломжтой 131 оролцогчийн 29.8% нь хангалттай, 70.2% нь хангалтгүй мэдлэгтэй байсан бөгөөд шумууланд хазуулах замаар ХДХВ дамжина гэсэн буруу ойлголт түгээмэл хэвээр байв. Хандлагын үнэлгээгээр 131 оролцогчийн дундаж оноо 14.3±1.7 байсан бөгөөд насны бүлгүүдийн хооронд ялгаа илэрч (p=0.004), эмчээр 0–10 жил ажилласан оролцогчдын хандлагын оноо 10-аас дээш жил ажилласан эмч нараас өндөр байв (p=0.026). Мөн сэтгэцийн эмчээр ажилласан жил болон бэлгийн эрсдэлт зан үйлтэй үйлчлүүлэгчидтэй ажиллах хандлагын онооны хооронд статистикийн ач холбогдолтой сул сөрөг хамаарал илэрсэн (Spearman r=-0.304, p<0.001; n=131). Судалгаанд оролцсон эмч нарын 69.0% нь бэлгийн эрсдэлт зан үйлтэй үйлчлүүлэгчтэй ажиллаж байсан, 48.1% нь сүүлийн 12 сард бэлгийн эрсдэлт зан үйлтэй үйлчлүүлэгчид тусламж үзүүлсэн байна Дүгнэлт: Сэтгэцийн эмч нарын бэлгийн эрсдэлт зан үйлийг илрүүлэх асуумж авахад эмч нарын хүйс, ажиллаж буй байгууллагын ялгаатай байдал ажиглагдаж байна. Иймд цаашид бэлгийн эрсдэлт зан үйлийг илрүүлэх асуумж авах сэтгэцийн эмч нарын чадварыг сайжруулах, чадавхижуулах зорилгоор ажлын байран дахь тасралтгүй сургалт, ашиглах гарын авлага шаардлагатай байна.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: В.Нямцэнгэл, З.Хишигсүрэн

Published

2026-04-28