Determination of some vaginal bacteria in women with cervical Precancerous lesions and cervical cancer
Keywords:
Vaginal microbiota, Lactobacillus spp, aerobic bacteria, cervical cancer, AV scoreAbstract
Үндэслэл: Умайн хүзүүний өмөнгийн урьдал эмгэг болон өмөнтэй эмэгтэйчүүдийн үтрээний бичил орчны тэнцвэр алдагдаж буй нь олон улсын судалгаагаар нотлогдсон. Эрүүл эмэгтэйчүүдийн үтрээний бичил орчинд Lactobacillus spp. давамгайлж, сүүний хүчил болон бусад био идэвхт нэгдлүүдийг ялгаруулж, үтрээний pH-ийн хэвийн буюу хүчиллэг орчныг бүрдүүлснээр эмгэгтөрөгч бичил биетний халдвараас хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Сүүн хүчлийн бактерийн тоо цөөрч, эмгэгтөрөгч бичил биетэн давамгайлсан үтрээний орчны алдагдал нь ХПВ-ийн байршмал халдвар болон умайн хүзүүний өмөнгийн хүндрэл, дахилттай холбоотой гэж үздэг. Гэвч умайн хүзүүний өмөнгийн урьдал эмгэг болон өмөн оноштой Монгол эмэгтэйчүүдийн үтрээний Lactobacillus spp., агаартан бактерийн тархалт, тэдгээрийн хамаарал, оношийн бүлэг хооронд харьцуулсан судалгаа хийгдээгүй нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Умайн хүзүүний өмөнгийн урьдал эмгэг болон өмөн оноштой эмэгтэйчүүдийн үтрээний зарим бичил биетний бүрдлийг харьцуулан тодорхойлох Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан, нэг агшны судалгааны загвараар 2026 оны 5-р сараас 10-р сарын хооронд Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар Судлалын Үндэсний Төвийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасгаар үйлчлүүлсэн умайн хүзүүний өмөнгийн урьдал эмгэг, өмөн онош батлагдсан 275 эмэгтэйг таниулах зөвшөөрлийн хуудас бөглүүлэн, сайн дурын үндсэн дээр судалгаанд хамруулсан. Судалгааг эхлүүлэхээс өмнө АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2026 оны 04-р сарын 22-ны хурлаар хэлэлцүүлэн ёс зүйн зөвшөөрөл авсан (Хурлын тэмдэглэл № 2026/04-28). Оролцогчдоос ерөнхий мэдээлэл, өвчний ужиг дурдатгал, зан үйлийн хүчин зүйлсийг асуумжаар авч, үтрээний арын хүнхрээнээс гурван төрлийн арчдас цуглуулсан. Үтрээний шүүрлийн шинжилгээ хийж, Lactobacillus spp., агаартан бичил биетнийг өсгөвөрлөсөн. Эдгээр шинжилгээний үр дүнгийн холбоо хамаарлыг оношийн бүлэг хооронд харьцуулан, үр дүнг SPSS 25.0 программ ашиглан боловсруулсан. Үр дүн: Судалгаанд нийт 275 эмэгтэй хамрагдаж, оношийн бүлгээр ангилахад CIN I – 41 (14.9%), CIN II – 73 (26.5%), CIN III – 80 (29.1%), умайн хүзүүний байран өмөн (CIS) – 45 (16.4%), умайн хүзүүний өмөн (CC)– 36 (13.1) байсан. Үтрээний шүүрлийн шинжилгээний үзүүлэлтийг медианаар тооцоход pH 4.6 (4.4-4.8), Лактобацилл 18568.59 (9822.19-34135.96), кокк 36373.04 (22555.92-57596.56), цагаан эс 6561.28 (1046.68-6634.32), AV оноо 2 (1-2) байна. Үтрээний pH болон бусад үзүүлэлтийн хамаарлыг Spearman-ийн корреляцийн шинжилгээгээр үнэлэхэд коккийн тоо (ρ=0.346, p<0.001), цагаан эсийн тоо (ρ=0.283, p<0.001), AV score (ρ=0.277, p<0.001) статистикийн ач холбогдол бүхий эерэг хамааралтай, харин лактобациллын тоотой статистикийн ач холбогдол бүхий сөрөг хамааралтай байна (ρ=−0.238, p<0.001). Оношийн бүлгээр AV оноог харьцуулахад CC-ийн IIB үе шатанд 2.8±1.3, III-р үе шатанд 3.67±2.3 байна. Өмөнгийн үе шат ахих тусам AV оноо нэмэгдэх хандлага ажиглагдаж, бүлэг хооронд статиситик ач холбогдол бүхий ялгаатай байсан (p=0.008). Lactobacillus spp. нийт оролцогчдын 119 (43.3%)-д, агаартан бичил биетэн 103 (37.5%)-д нь өсгөвөрлөгдөж түгээмэл илэрсэн бичил биетнүүд нь Escherichia coli (32; 11.6%), Enterococcus faecalis (17; 6.2%), Streptococcus agalactiae (11; 4.0%), viridans бүлгийн стрептококк (9; 3.3%) ба оношийн бүлэг хооронд статистик ач холбогдолгүй байсан (p=0.634, p=0.221). Дүгнэлт: Умайн хүзүүний өмөнгийн урьдал эмгэг болон өмөн оноштой эмэгтэйчүүдэд үтрээний pH нэмэгдэх нь кокк, цагаан эсийн тоо, AV оноотой эерэг хамааралтай ба өмөнгийн үе шаттай холбоотой агаартан бактерийн шалтгаант үтрээний үрэвслийг илтгэж байна. Lactobacillus spp. болон агаартан бичил биетний тархалт оношийн бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаагүй ч CC оношийн бүлэгт агаартан бичил биетний тархалт ихсэж, Lactobacillus spp буурсан хандлага ажиглагдсан.In the MNUMS Digital Library
View this article in the digital library →
Author research profiles: Б.Давааням
Downloads
Published
2026-10-30
Issue
Section
Original Articles
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
