Diagnostic yield and safety of CT-guided transthoracic core needle biopsy for mediastinal lesions

Authors

  • Ж.Түвшинбаяр Ач Анагаах Ухааны Их Сургууль , Бриллиант Нэгдсэн Эмнэлэг Author
  • Л.Энхсаруул Бриллиант Нэгдсэн Эмнэлэг Author
  • Д.Гончигсүрэн Грандмед Эмнэлэг Author
  • Н.Баасанжав Ач Анагаах Ухааны Их Сургууль Author
  • Д.Ичинноров АУС, АШУҮИС , Монгол-Япон Эмнэлэг, АШУҮИС Author

Keywords:

mediastinal lesion, CT-guided biopsy, core needle biopsy, diagnostic yield, complications, needle-path depth

Abstract

Үндэслэл: Голтын үүсгэвэр нь хортой болон хоргүй олон эмгэгийн шалтгаантай тул эмчилгээний тактикийг тодорхойлоход эдийн шинжилгээгээр оношийг баталгаажуулах шаардлагатай. КТ хяналттай трансторакаль бүдүүн зүүт биопси нь мэс заслын биопситой харьцуулахад бага инвазив боловч Монгол Улсад түүний оношилгооны өгөөж, аюулгүй байдлын талаарх мэдээлэл хомс байна. Зорилго: Голтын үүсгэврийн үед уг ажилбарын оношилгооны өгөөж, аюулгүй байдлыг үнэлж, онош болон хүндрэлтэй холбоотой хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Ретроспектив-проспектив когорт судалгаанд 55 өвчтөнд хийгдсэн 58 ажилбарыг хамруулж, КТ-ийн шинж, эмгэг судлалын онош, хүндрэл болон техникийн үзүүлэлтүүдийг Fisher-ийн exact, Pearson-ы χ2, Mann–Whitney U тестээр шинжилсэн. Олон удаагийн харьцуулалтад Холмын засвар хэрэглэв. Үр дүн: Өвчтнүүдийн насны медиан 57 [46– 67] жил, 63.6% нь эрэгтэй байв. Хорт хавдар 76.4%, хавдрын бус эмгэг 21.8%-д оношлогдов. Нийт 58 ажилбарын 54-т өвөрмөц онош тогтоож, оношилгооны өгөөж 93.1% (95% ИИ 83.6–97.3%) байв. КТ-ийн бүтэц, дотоод шинж болон голомтын байрлал нь оношийн бүлгүүдийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаагүй байлаа (p>0.05). Нийлмэл хүндрэлийн түвшин 6.9%, CIRSE ≥3 зэрэглэлийн хүндрэл 1.7% байв. Хүндрэл тохиолдсон бүх ажилбарт хатгалтын гүн >7 см байсан бөгөөд энэхүү хамаарал Холмын засварын дараа ч статистик ач холбогдолтой хэвээр байв (p=0.007). Дүгнэлт: КТ-ийн хяналттай трансторакаль бүдүүн зүүт биопси нь голтын үүсгэврийн хувьд оношилгооны өндөр өгөөжтэй, хүндрэл харьцангуй бага арга байв. Хатгалтын гүн >7 см байх нь хүндрэл үүсэх эрсдэлийн боломжит хүчин зүйл байж болох бөгөөд энэхүү хамаарлыг илүү том түүвэр бүхий судалгаагаар баталгаажуулах шаардлагатай.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Д.Гончигсүрэн, Д.Ичинноров

Published

2026-10-30

Issue

Section

Original Articles