Study on microcapsule preparation technology

Authors

  • Ж.Баатарболат АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн технологийн тэнхим Author
  • Э.Буянхишиг АШУҮИС, Эм зүйн сургууль Author
  • Д.Ичинхорлоо АШУҮИС, Эм зүйн сургууль Author
  • М.Одончимэг ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн Author
  • Б.Пүрэвдолгор АШУҮИС, Эм зүйн сургууль Author
  • Ц.Маралмаа АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн технологийн тэнхим Author
  • Д.Шинэзаяа АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн технологийн тэнхим Author
  • Д.Жамбанинж АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн технологийн тэнхим Author
  • Д.Даваадагва АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн технологийн тэнхим Author
  • Д.Отгонсүрэн АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн технологийн тэнхим Author

Keywords:

Microcapsule, chitosan, gelatin

Abstract

Үндэслэл: Эмийн бодисын цусан дахь концентрацийг эмчилгээний түвшинд тогтвортой хадгалах нь эмчилгээний үр дүнг нэмэгдүүлж, гаж нөлөөг бууруулах чухал ач холбогдолтой. Уламжлалт эмийн хэлбэрүүд нь хурдан шимэгдэж, богино хугацаанд цусан дахь эмийн бодисын концентрацийг өсгөдөг ч удалгүй буурдаг тул архаг болон цочмог өвчний үед эмийн тунг ойр ойрхон хэрэглэх шаардлага гардаг. Микрокапсулын технологи нь эмийн бодисыг хүний биед зорилтот байршилд хүргэх, тогтвортой байдлыг хадгалах, чөлөөлөгдөлтийг хянах, биохүрэхүйг сайжруулах, гаж нөлөөг багасгах, эмийн идэвхт бодисыг биеийн дотоод орчинд задрах, устахаас хамгаалж, зөвхөн шаардлагатай эд эсэд чиглэн хүргэх боломжийг бүрдүүлдэг онцлогтой нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Микрокапсул үүсгэх тохиромжтой полимерийг сонгож, цийдмэгжүүлэх аргаар гарган авах технологийг боловсруулан, гарган авсан микрокапсулын морфологийн зарим үзүүлэлтүүдийг нь тогтоох. Арга, аргачлал: Микрокапсулыг O/W цийдмэгийн уусгагчийг ууршуулах аргаар бэлтгэсэн. Хитозан (chitosan, 2% w/v) болон желатины (gelatin, 5% w/v) уусмалаар бэлтгэн нийт 8 цийдмэг үүсгэж уусгагчийг ууршуулсан. Микрокапсулын морфологи, гадаргуугийн бүтцийг гэрлийн микроскоп болон сканнинг электрон микроскоп (SEM)ын аргаар тодорхойлoв. Үр дүн: Микрокапсулын бүрхүүлийн найрлагыг тодорхойлох үүднээс нийт 8 загварын харьцааг бэлтгэж, цийдмэгийн тогтворжилт болон зуурамтгай чанарын үзүүлэлтүүдийг судаллаа. Хитозан давамгайлсан найрлагууд (F1, F7, F8) нь зуурамтгай чанар хэт өндөр, систем өтгөрөх хандлагатай байсан нь цийдмэгийн тархалт жигд, тогтвортой байх чадварыг бууруулж байв. Хитозан-желатины 1:2 харьцаа (F5 загвар) нь микрокапсулын бүрэн үүсэлт, бөөрөнхий хэлбэр, гадаргуугийн жигд байдал, зохистой зуурамтгай чанар зэрэг үзүүлэлтээр хамгийн тохиромжтой гэж тогтоогдов. F5 загварын микрокапсулууд дундаж диаметр 290±30 мкм хэмжээтэй, бөөрөнхий хэлбэртэй, гадаргуу жигд бөгөөд хөлдөөн хатаасны дараа ч хэлбэрийн тогтвортой байдал хадгалагдсан. Дүгнэлт: 1. Судалгааны үр дүнгээс хитозанжелатины 1:2 харьцаа нь микрокапсулын бүрэн үүсэлт, бөөрөнхий хэлбэржилт, гадаргуугийн жигд байдал зэрэг үзүүлэлтээр хамгийн тохиромжтой найрлага болох нь тогтоогдов. 2. Харин желатины эзлэх хувь ихсэхэд микрокапсулын хэлбэржилт муудах, бөөгнөрөл үүсэх хандлага ажиглагдаж байсан бол хитозаны эзлэх хувь ихсэх үед уусмалын зуурамтгай чанар нэмэгдэж, цийдмэгийн тогтвортой байдалд нөлөөлж микрокапсулын хэмжээ жигд бус болох хандлага илэрч байв. 3. Микрокапсул бэлтгэхэд хитозан ба желатины 1:2 харьцаа чухал бөгөөд цаашид эмийн бодис агуулсан микрокапсулд уг ханын найрлагыг ашиглан судалгааг үргэлжлүүлэх боломжтой гэж дүгнэв.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Ж.Баатарболат, Д.Шинэзаяа, Д.Жамбанинж, Д.Даваадагва, Д.Отгонсүрэн

Published

2026-04-16