Factors associated with complications and recurrence of erysipelas

Authors

  • Л.Пүрэвсод Author
  • Б.Номин Author
  • Г.Хоролгарав Author
  • Б.Даваахүү Author
  • Р.Оюунгэрэл Author
  • О.Баатархүү Author
  • В.Нямцэнгэл Author

Keywords:

Streptococcus, Cell ratios, Risk factors, Tonsillitis

Abstract

Үндэслэл: Ёлом нь А бүлгийн β-гемолитик стрептококкоор үүсгэгддэг, цочмог явцтай, дахих хандлагатай халдварт өвчин юм. Өвчлөгсдийн 12–29%-д дахилт, 31% орчимд хүндрэл тохиолдох бөгөөд олон улсад явуулсан судалгаагаар нас, хүйс, арьсны өвчлөл нь хүндрэх, дахихад гол хүчин зүйл болж байна. Монгол улсад ёломын өвчлөл тогтвортой буурахгүй, хүндрэл, дахилтыг таамаглах эмнэлзүй, лабораторийн үзүүлэлтийг судалсан судалгаа хомс байна. Зорилго: Монгол оронд бүртгэгдсэн ёлом өвчний тохиолдлуудад хүндрэл, дахилтыг таамаглах эмнэлзүй, лабораторийн үзүүлэлтийг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг ретроспектив өгөгдөлд тулгуурласан агшингийн аргаар гүйцэтгэсэн. 2020–2024 онд ХӨСҮТ-д ёлом өвчний оношоор хэвтэн эмчлүүлэгсдээс санамсаргүй түүврийн аргаар 165 үйлчлүүлэгчийг сонгон, “Ёлом өвчний эмнэлзүйн заавар”-т үндэслэн судалгааны мэдээллийг цуглуулсан ба статистик боловсруулалтыг SPSS-26 программ ашиглан гүйцэтгэж, ROC муруй, эрсдэл болон таамаглалыг регрессийн шинжилгээ ашиглан тодорхойлж, p<0.05 үед статистик ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Оролцогчдын дундаж нас 50.4±14.2, эмэгтэйчүүд 76.5%, малчид 32.1%-ийг тус тус эзэлсэн. Өвчлөгсдийн 55.1%-д дахилт (давтан 42.8%, дахилтат 57.2%), 10.3%-д хүндрэл тохиолдсон байв. Хүндрэл үүссэн хүмүүст нүүрний хэсэгт (41.2%), улаймал-цэврүүт хэлбэрийн (70.6%) тууралт давамгай илэрсэн. Лейкоцит-нейтрофилийн харьцаа 7.1 (AUC:0.85, 95%CI:0.79–0.91, p=0.001), системийн үрэвслийн хариу урвалын индекс 3.9 (AUC:0.93, 95%CI:0.88–0.98, p=0.001) буюу өндөр байсан. Олон хүчин зүйлсийн регрессийн шинжилгээгээр хүндрэх эрсдэлд >45 нас (aOR=1.8, 95%Cl:1.2 2.7, p=0.004), эмэгтэй хүйс (aOR=2.8, 95%Cl:1.7 4.6, p=0.001), ажил эрхлэлт (малчин) (aOR=2.6, 95%Cl:1.3 5.4, p=0.001), дахих эрсдэлд архаг гүйлсэн булчирхайн үрэвсэл (OR=3.8, 95%Cl:2.5 5.7, p=0.001) илүүтэй нөлөөлж байна. Харин Cox регрессийн шинжилгээгээр 1 жилээр нас нэмэгдэхэд хүндрэх эрсдэл 2%иар (HR=1.02, 95% CI: 1.01–1.03, p=0.003), архаг гүйлсэн булчирхайн үрэвсэлтэй байхад дахих эрсдэл 7.69 дахин нэмэгдэх (HR=7.69, 95% CI: 5.15–11.49, p=0.001) хандлагатай байна. Дүгнэлт: Ёлом өвчний үеийн эсийн харьцааны үзүүлэлтүүд үрэвслийн идэвхжил, өвчний явцыг үнэлэхэд ач холбогдолтой байна. Ёлом өвчний хүндрэл, дахилтад нас, хүйс, ажил эрхлэлт, архаг гүйлсэн булчирхайн үрэвсэлтэй байх зэрэг нь илүүтэй нөлөөлж байна.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Л.Пүрэвсод, Г.Хоролгарав, О.Баатархүү, В.Нямцэнгэл

Published

2026-04-28